Урлаг хийгээд шашин нь, ахан дүүс болоод эцэг хүүгийн барилдлага, эхнэр нөхрийн шүтэлцээтэй агаар нэгэн зүйл бөгөөд аль аль нь хүмүүний сэтгэл хийгээд оюун хэмээх дотоод ертөнцийн угт оршиж, сүнс ба түүний оршихуйн угын мөн чанарыг тодотгогч, хүмүүнд бурханы нийгүүлсэнгүй ивгээл хайрыг мэдрүүлэн замчлагч амьдралын хөтөч багш бөлгөө.Тиймээс бид бүгд өдөр тутмын аж амьдралын эргэлтэд тэрхүү урлаг гэгч зүйлийг бодитоор бүтээлцэж, мөн өөр өөрсдийн дотоод ертөнцийг бурханд даатган, аз жаргалтай, төгс баясгалантайгаар аж амьдрахыг хүсдэг ажгуу.Тэрээр тамын ертөнц мэт зовлонт амьдралаас амар баясгалант диваажингын ертөнц тийш хүрэх гэрэлт харгуйг заан чиглүүлэгч бөлгөө.Хүмүүний амьдрал нь урт холын аян, алсын аялал тул түүний хэв шинж нь олон янз хийгээд, эргэлзээ төөрөгдөл, ээдрээт учгаар дүүрэн хэдий ч, хөөрхөн бялзуухай агаарт бүжиж, өнгийн цэцэгс чамайг бүчин инээмсэглэх мэт сэтгэгдлийг төрүүлэх нь, ахан дүүсийн барилдлага бүхий урлаг хийгээд сүсэг бишрэлийн хуримын үр билээ.Хэрэвзээ энэ хоёр зүйлийн оршихуй үгүйбээр, энэ ертөнц ямар их уйтгар гунигтай утга үгүй болохыг төсөөлөн бодож үгээр илэрхийлэхийн арга үгүй буйзаа.Хүмүүний амьдралд салж хагацахын аргагүй туйлын зүйл бол дээрх урлаг болоод итгэл сүсэг болой.
Дээрх хоёр зүйл нь нийлж нэгэн цогцыг үүсгэж байж гэмээ нь хүмүүний аж амьдралыг залан чиглүүлэх багш болдог хэмээх нийлмэл чанартай.Гэхдээ урлаг бол үзэсгэлэн төгөлдөр хийгээд түүний мөн чанараар хүмүүнийг тэнгэрийн орон тийш замнуулдаг бол, шашин шүтлэг нь үнэн хийгээд нийгүүлсэнгүйн мөн чанараар хүмүүнийг бурханы угын оршихуй тийш хөтөлдөгөөрөө өөр өөрийн онцлогтой.Хэлбэр дүрс, дуу эгшиг, өнгө будаг, үнэр тэргүүтэн унаган байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүхэнтэй биднийг холбож, диваажингын ертөнцийн төсөөлөх арга үгүй тэрхүү гайхамшигт ертөнцийг мэдрүүлдэг нь урлаг юм.
Харин шашин бол өөр.Тэрээр хүмүүний дотоод ертөнцийн нуугдмал оршихуйн нэг болох дотоод мэдрэмжийн хүчээр хүмүүнд бурханы бодит оршихуйг мэдрэх боломжийг олгодог зүйл юм.Тийм ч учраас тэрээр энэ ертөнцөд орших ямар нэгэн зүйлээр үл дамжуулан, бурхан хийгээд сүнслэг мэдрэмжээр дамжин,нүдэнд үл үзэгдэж, чихнээ үл сонсогдох, сэтгэлдээ ч төсөөлөн ургуулах боломж үгүй тэрхүү сүнсний ертөнцийг бидэнд ойлгуулдаг нь шашин хийгээд түүний угын мөн чанар, үүрэг болно.
Урлагын бодит оршихуйн талбар нь үзэсгэлэн төгөлдөр бөлгөө.Тэрхүү үзэсгэлэн төгөлдөр гэгч бол бурханы зөвхөн гадаад дүр төрх,түүний илэрхийлэл бөгөөд, дотоод сэтгэл биш ажгуу.「Бурхан нь сүнслэг оршихуй тул түүнийг бодитоор харахыг хүсвээс, өөрийн сүнс хийгээд сэтгэлээр дамжуулж харахаас өөр боломж үгүй」 хэмээн Христийн шашны сургаальд байдаг нь өнө мөнхийн туйлын үнэн болно.Үзэсгэлэн төгөлдөрийг шүтэгч урлаг нь, хүмүүнд бурханы гадаад дүр төрхийг илэрхийлж чадавч, бурханы дотоод сэтгэлийг илэрхийлж, түүний бодит оршихуйтай харьцаж, түүнтэй хамт оршиж, хамт хөдөлмөрлөж, хамт аж төрж буйг мэдрүүлж үл чадна.Өөр хэлбэрээр илэрхийлвээс, урлаг нь, бурханы биедээ өмссөн дээл хувцасны нэгэн хэсгийг бидэнд харуулж мэдрүүлэх боломжтой байж болох ч, харин түүний халуун дулаан өвөрт тэврүүлэн, бурханы амьд хийгээд бодит оршихуйг мэдрүүлж чадахгүй билээ.
Урлагын оршихуйн зорилго нь, эх байгалийн үзэсгэлэн төгөлдөрийг ойлгон амтлаж, улмаар баяр баясал олох зарчмаар өдөр тутмын дүрэм журмын хүлээсээс дайжин, амар амгалан хийгээд аз жаргалтай байх сэтгэлийг өдөөн, өөрийгөө мартагнах ертөнцийг нээгч болно.Гэхдээ энэхүү баяр баясал нь түр зуурын үзэгдэл бөгөөд үүрдийн зүйл биш юм.Энэ мэт нь хүмүүний төсөөлөл ба ургуулан бодох ертөнц бөгөөд, бодитоор оршин буй амьд ертөнц бус, хүмүүний ажил хөдөлмөр болоод зовлон зүдгүүрээс зугтан дайжиж, хөгжилтөй зугаатай, зүүд зэрэглээ мэт төсөөллийн ертөнцөд очих хүслийг урин дууддаг нь урлагын өөрийнх нь үнэн дүр болоно.
Харин шашны хүрэх эцсийн цэг бол урлагын туйлын оршихуйг хэт өндөр түвшинд давсан зүйл бөлгөө.Сүсэг бишрэлт аж төрөх ёсон ба түүний эрхэмлэх зүйл бол байгалийн үзэсгэлэнд хөгжин баясах бус, оюун ухааны үзэсгэлэн төгөлдрийг илэрхийлэх үйл юм.Энэхүү эрхэмлэн буй зүйл бол дүрс хэлбэр өнгө будгын үзэсгэлэн бус, хүмүүний өөрийнх нь дотоод ертөнцийн үзэсгэлэн төгөлдөр болой.Бурханд орших туйлын үнэн хийгээд нийгүүлсэнгүй буяныг өөрийн биедээ оршоон, өнө мөнхөд бурхантай хамт аж төрж, ажиллаж хөдөлмөрлөхийг хүсэмжилэх сэтгэлийн угыг барьж, хамтдаа дээшлэн хөгжих хүсэл тээх нь сүсэг бишрэлт аж төрөх ёсны үнэн дүр хэмээн бодном.Энэ үйл нь, уран бүтээлч хүмүүн үзэсгэлэн төгөлдөр хийгээд түүний мөн чанарыг ойлгон амтлаж, улмаар уран бүтээл болгох үйлдлийнхээ явцад энэ ертөнцийн зовлон хийгээд түмэн явдлыг түр зуур мартагнахын ижил амар хөнгөн үйл биш юм.Энэ ертөнцийн амар амгаланг эрхэмлэн, өөрийн дотоод сүнслэг хүч чадлыг дайчилан, эрдэм чадалт хүмүүний туйлын үзэсгэлэн бүхнийг өөрийн биеэр үзүүлэхийг хичээн, өнө мөнхөд цаглашгүй зүтгэх нь сүсэг бишрэлт хүмүүний үйл бөгөөд, энэ нь хүмүүний дээшлэн дэвжиж буй дүр болно.
Сүсэг бишрэлт хүмүүний баяр баяслын туйл нь дан ганц бурханы үзэсгэлэн төгөлдөр дүрийг олж харах бус, бурханы нийгүүлсэнгүй буянт үйл хийгээд үзэсгэлэн төгөлдөртөй нэгдэн нэгэн цогц болж, улмаар бурханд уусан хамтдаа нэгэн цогц болох хүсэл эрмэлзэл тээж, мятрашгүй хичээн зүтгэх үйлд оршино.Зургын амьгүй тааран талбар хийгээд боржин чулууг зэмсэг болголгүй, өөрийн амьд сүнсийг зэмсэг болгоод, бурханы бодит дүр лугаа зүйлийг өөрийн дотоод ертөнцдөө хайн эрэлхийлэх нь аугаа хийгээд туйлын уран бүтээлч мөн.Учир иймийн тулд бурханы шавь болох сүсэг бишрэлт хүмүүний баяр баясал нь өдөр ирэх тутам, цаг хугацаа өнгөрөхийн сацуу, нэг нэг алхмаар бурханы гэрэлт оршихуйд ойртон довтолгох өнө мөнхөд үргэлжилэх үйл хэрэг бөлгөө.Иймд амьд сэрүүн ахуй цаг дор тэрхүү баяр баясал нь үргэлж хожид үл хувирч, түүнээс олж авах тайтгарал ч мөн төсөөллийн хоосон ертөнцөөс бус, туйлын бодит бурханы чанадын ертөнцөөс ирдэг зүйл билээ.
「Бурханаас ирэх амарлингуй нь энэ ертөнцөөс олж болох тайтгаралтай ижил зүйл огтоос биш тул хүмүүсээ, сэтгэлдээ шаналал хийгээд зовнилыг бүү тээгтүн」 гэсэн сургааль байдаг бөгөөд энэ нь дээрх үйлийг зөв илэрхийлсэн оноч мэргэн үг болой.Үзэсгэлэн төгөлдрийн мөн чанарыг бодитоор илэрхийлэхийн тулд түүний эх ундрагыг эрж хайх шаардлага гарна.Тэрхүү ундрагыг олоод, түүнтэй хамт аж төрж, хамтдаа үйл хөдлөлийг үүсгэхгүйгээр түүнийг бодитоор гүйцэлдүүлж бас үл чадмой.Улмаар тэгж бүтсэн бодит оршихуй нь, эдүгээгийн хүмүүний ойлгож буй хэлбэр дүрсийн хэмжээсээр илэрхийлэгдэх, түр зуурын баяр баясал бус, харин хүмүүний дотоод ертөнцөд, тэр хүмүүний мөн чанараар, мөн аж амьдралын хэмнэлээр нь илэрхийлэгдэж байх учиртай.Үнэнхүү урлаг нь халуун амьтай бөгөөд түүнд амьдрах чадвар оршиж, үүрд мөнхийн баяр баяслыг өөртөө агуулж байх учиртай.
Онисабүро гэгээнтэн「Урлаг бол шашныг төрүүлсэн ижий нь билээ」 хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.Гэхдээ түүний хэлсэн урлаг гэгч нь орчин цагын нийгэмд оршин буй тэр зүйлийг хэлээгүй юм.Бурханы энэхүү ертөнцийг анх бүтээх аугаа их хүч хийгээд түүний үйлчлэлээр бүтсэн тэнгэр газрын хооронд орших түмэн бодис бүгд бурханы их урланд бүтээгдэж буй болсон гэх утга санааг илэрхийлсэн болно.Энэхүү агуу уран бүтээлч буюу огторгуйг бүтээгч угын бурханы дотоод сэтгэлтэй харьцаж, бурхантай хамтдаа баяслын сэтгэлийг мэдрэн, хамт аж төрж, хамт ажиллаж хөдөлмөрлөхийг эрмэлзэх сэтгэл нь туйлын сүсэг бишрэл, итгэл үнэмшил байх учиртай.Онисабүро гэгээнтний 「Сүнсний ертөнцийн тайлал түүх」 хэмээх бурханы зарлигын дагуу туурьвисан судар ч мөн үнэнхүү туйлын урлаг хийгээд шашин шүтлэг, сүсэг бишрэлийн нийлмэл нэгэн цогц болгоод, түүнийг амилуулан шүншиглэж, түүнээс үүдэн энэ ертөнцийн нийт хүн төрлөхтнийг диваажингийн амирлангуйн их ертөнцөд өнө мөнхийн баясал цэнгэлийг олохыг билэгдсэн сэтгэлээс үүдэлтэй.Тэрээр шашин хийгээд урлаг нь нэгэн цогц болох жам ёстойг ухааран ойлгож,уг бүтээлийг та бидэнд туурьвин үлдээсэн болно.
Хоёр: Бурханы бүтээл
Тай-шёо эзэн хааны он тооллын(1923 он)12 оны 7 сарын 17 өдөр
Дэгүчи Онисабүро гэгээнтний бүтээсэн
「Сүнсний ертөнцийн тайлал түүх」 судрын 65-р дэвтрийн тайлбар
Сансар огторгуйг бүтээгч угын бурханы бүтээлүүд дотроос хамгийн өндөр мэдрэмж бүхий нарийн төвөгтөй, нуугдмал чанарыг өөртөө агуулсан сүнслэг, хамгийн агуу бүтээл нь хүн төрлөхтөн бөлгөө.Хүмүүний дотор, оюун ухаан хийгээд бие мах бодийн шүтэлцээ бүхий үзэсгэлэнт долгиот хэмнэл байдаг нь дээрхийн нэгэн илэрхийлэл бөгөөд, энэ ертөнц дээр орших түмэн бодисын өөр юутай ч зүйрлэх боломж үгүй юм.Ямар ч агуу уран бүтээлч байгаад бурханы бүтээлийг дууриалган зурж, түүнтэй эн зэрэгцэх нь огт магадлалгүй зүйл билээ.Жишээлбэл, агуу суу билэг авьяас эрдэмт зураач ч хүн хийгээд ургамал амьтныг зурлаа гэхэд зөвхөн түүний тэр агшинд үзэгдэх хэлбэр ба үйл хөдлөлийг нэг агшныг л цаасан дээр буулгахаас хэтрэхгүй.Ийм зүйлийн талаар эргэцүүлж бодмогц зураг зурах нь утгагүй зүйл мэт бодогдох болно.Тэгмэгцээ тухайн уран бүтээлч нь, ядаж өөрийн сүнслэг тэр л зүйлийг бүтээлдээ шингээж амилуулая хэмээн сэтгэж, бие махбодийн дотоод сүнслэг бүх зүйлээ шавхан урласнаар сая, нэг амьсгаагаар бүтээж чадагч зураач болдог.(Дэгүчи Онисабүрогын 「Саран толь」 бүтээлээс)
Бид дээр 「Урлаг бол шашныг төрүүлсэн ижий нь билээ」 хэмээн сонссон. Тэрхүү урлаг нь орчин цагын та бидний ойлгож буй тэр зүйл бас биш гэдгийг мэдэж авсан.Огторгуйг бүтээгч угын бурханы хүчээр энэ ертөнц тэнгэр газрын завсарт орших түмэн бодисын хамтаар бүтсэн хийгээд бүгд бурханы бүтээл болох тухай бас ойлгосон билээ.Бид тэрхүү агуу урлагын үр хүүхэд нь болох шашныг өсгөн бойжуулахын тулд өнө удаан хугацаанд бүх чадлаараа хичээсний үр дүнд тэрээр тодорхой төвшинд өсөж торнисон тул шашныг бойжуулах үүргийг шашинд даатган, Шёова эзэн хааны он тооллын 3 оны(1928 он)3 сарын 3 өдрөөс эхлэн өөрийг төрүүлсэн ижий болох урлагыг асрах үйлд бүхий л анхаарлаа хандуулж байгаа болно.Улмаар Мэй-коо-шяа хийдийг(эдүгээгийн Ракү-тэн хийд) бүтээн босгож, Танка (богино хэлбэрийн яруу найргын нэгэн төрөл бөгөөд 5,7,5,7,7 гэсэн үеээс бүтдэг онцлогтой) яруу найраг хийгээд Кан-кү шүлгийг(5,7,5 гэх үеэс бүтэх яруу найргын хэлбэр) туурвин, зураг зурж, ханз үсгийн уран бичлэг бүтээж, Ракү-яки(шаазан урлагын нэгэн төрөл) барьж, зарим нь тайзнаа гарч Жёо-рү-ри ший(шанз хөгжмийн эгшигт тааруулан үлгэр хэлэх) янгуу тоглож, Бон-одори бүжиг бүжиж буй билээ.Бурханы үнэнхүү туйлын урлагыг үүсгэх нь та бид хүмүүнд олгогдсон бас нэгэн томоохон ажил үүрэг болой.
(Дэгүчи Онисабүрогын 「Саран толь」 бүтээлээс)
Миний бие, шашин нь урлагыг төрүүлээгүй, урлаг шашныг төрүүлсэн ижий нь хэмээн зарлан тунхагласны учир нь, эдүүгээгийн орчин цагын урлагыг хэлсэн утга биш бөлгөө.Бурханы бүтээсэн эх байгаль болох урлагыг хэлсэн болно.Нар хийгээд сарыг багшаан хэмээгч огторгуйн бүтээлийг хэлсэн бөлгөө.Орчин цагын хүмүүний ойлгож буй урлаг гээчийн өнцгөөс харвал, шашин нь урлагын эх нь хэмээх үг илүү тохирох буйзаа.
(Дэгүчи Онисабүрогын 「Саран толь」 бүтээлээс)
E-mail: