Оомото нь Аяабэ дахь ариун дагшин газарт үүсэн байгуулагдсан цагаас хойш яг арван жилийн дараа буюу Мэйжи эзэн хааны он тооллын 34-н онд,(хуучин тооллын 2 сарын 6 өдөр) үүсгэн байгуулагч Дэгүчи Нао бурханаас бошго хүлээн авч улмаар бурханы зарлигын дагуу бичиж эхэлсэн Офүдэсаки буюу Бийрийн үзүүрээс гэх сударт「Эдүгээгээс эхлэн хүмүүний аж төрөх энэ ертөнцийг өөрчилөх цаг эхэлсэн」хэмээгээд, хуучин Исэ болон Изүмо-д очиж мөргөл үйлдэгтүн хэмээн зарлиг буулгасан байдаг.Мөн тэрхүү сударт「Энэ газар дэлхийд буусан бурхан нэгэнтээ ил гарах цаг болжээ」 гэж гарах бөгөөд тэр үеийн бишрэн шүтэгчид сандралдан тэвдэж, улмаар дор бүрнээ сэтгэлээ чангалан, хичээнгүй дуулгавартай байхыг хичээсэн гэдэг.
4-р сарын 19 өдөр(хуучин тооллын 3 сарын 1 өдөр), уг сударт хуучин Исэ хотын алдарт 「Ариун болорын ус」-аас зөөж авчирсугай хэмээн дахин зарлиг буух агаад, энэхүү зарлигыг утга агуулага гүн гүнзгий хэмээн тэд хүлээн авсан тул тэр дороо л Оомотогын бишрэн шүтэгчийн нэг болох Киношита Кэйтаро гуайг уг газар орныг урьдчилан судлуулахаар илгээсэн гэдэг.Тэрээр уг үүргийг гүйцэтгэн эргэж ирсэний дараа 4 сарын 15 өдөр(хуучин тооллын 3 сарын 7 өдөр) хуучин Исэ хотын ариун ус хийгээд Изүмо хийдийн ариун галын тухайх зарлиг дараах хэлбэрээр буусан байдаг.
「Эртний Исэ-гын Үбүдарай хийгээд Үбүгама-гын (орч:Үбүтарай-н тарай гэдэг нь дээр үед хувцас угаах болон нялх хүүхдийг усанд оруулдаг байсан модон онгоц ба Үбүгама-н гама буюу Кама нь цайны ёс үйлдэх үед хэрэглэдэг ус буцалгах ширмэн сав бөгөөд аль аль нь усны зан үйлтэй холбоотой сав суулга юм) ариун болорын ус нь, эрт цагаас хүмүүний дэргэдээс үл холдох ариун дагшин хийгээд шинээр мэндэлсэн мэт хиргүй тунгалаг тул энэ удаад хорвоо ертөнцийг өөрчлөх их үйлд Аяабэ-гын Оомотод оршин буй, учир шалтгааны үйлээр тохиосон тэр сүнсэд аугаа их үйлийг даатгахын сацуу, энэхүү хорвоог өөрчлөн шинэчилэх их үйлсэд нь хэрэгтэй тул эртний ариун уснаас таслан залахыг зарлигласан болно.Үшиторано конжин бурханы зарлиг лүндэн үгүй аваас уг ариун уснаас хүртэх эрхгүй бөгөөд нэгэнтээ зарлиг лүндэн буусан аваас хэн ч бай хумсын чинээ ч болов саад үл учруулж болно」
Энэ удаагын Исэ тийш залах бурханы зарлиг бол, нийт дэлхий ертөнцийг нэгтгэн нийлүүлэх их засаглалын төлөөх зарлиг болой.
Эргэн нэг удаа Изүмо тийш очвоос Изүмогын зарлигын биелэлийг үзэж, тэнгэр огторгуй хийгээд дэлхий ертөнц сав шимийн тэнцэл орших болой.Хэрэвзээ энэ үйлийг гүйцэлдүүлж эс чадваас энэ удаагын аугаа зорилго талаар болох буйзаа.Хэрэв ухаарч ойлгож чадваас тэр хэрээр үйлс хурдан өрнөх буйзаа.Хорвоо ертөнцийг өөрчлөн цогцлоох үйл нь ариун усны ивгээл хийгээд ариун галын ивгээлд оршиж байж сая бодитоор гүйцэлдэх учиртай ажгуу.Хорвоо ертөнцийг өөрчлөн шинэчлэнэ хэмээн зарлан тунхаглагвч, ямар үйлийг хэрхэн үйлдвээс бодитойгоор өөрчлөгдөх тухай энэ ертөнцөд залран буусан эдүгээгийн бурхан ч бас эс мэдмуй.Хамгийн эгэл хийгээд хамгийн чухаг үйлийн учгыг дөнгөж сая Дэгүчид зарлигласан болой」 (Мэйжи эзэн хааны он тооллын 34 он,хуучин тооллын 3 сарын 7 өдөр「Оомотогын сургаал тэргүүн дэвтрээс」
4 сарын 26 өдөр(хуучин тооллын 3 сарын 8 өдөр), үүсгэн байгуулагч Дэгүчи Нао алсын аялалд гарах хувийн бэлтгэлээ базаан, Дэгүчи Онисабүро гэгээнтэн болоод хоёр дахь үеийн тэргүүн болох Дэгүчи Сүмико, мөн бишрэн шүтэгчдийн удирдлагын зөвлөлийн гүшүүд нийт 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр эртний Исэ тийш(одоогын Киото мужын Касагүн дүүргийн Ооэй хороо) хөлгийн жолоо залав.Танго-мияа гол хийгээд Амано-ива голын доод биед байх үбү-гама болон үбү-дарай-ын өнө эртнээс бузартаа нь үгүй ариун 「Болор ус」-наас авч Аяабэ дахь дагшин газарт хүргэн ирсэн болой.
Энэхүү ариун ус нь үүсгэн байгуулагчийн зарлиг лүндэнгээр, Оомотод байх (Кин-мэй-сүй буюу Алтан уст) худаг болон Мото-яшики-д байх худагт(Гин-мэй-сүй буюу Мөнгөн уст) цутгагдан ариусгаж,түүнээс хойш 5 сарын 27 өдөр(хуучин тооллын 4 сарын 10 өдөр) Рюү-гү тэнгист(Мэшима буюу эм савдагт арал, Ошима буюу эр савдагт аралын хооронд орших тэнгис) тус тус цутгагдан ариусгасан билээ.
Эртний Исэ-гийн ариун уснаас залах зарлигыг гүйцэлдүүлсэний дараа төд удалгүй Изүмо-гын ариун галыг залах ёслол залган үргэлжилсэн билээ.
Мэйжи эзэн хааны он тооллын 34-р оны 7 сарын 1 өдөр(хуучин тооллын 5 сарын 16 өдөр), үүсгэн байгуулагч болоод Онисабүро гэгээнтэн, мөн хоёр дахь үеийн тэргүүн гээд нийт 15-н хүний бүрэлдэхүүнтэй хэсэг, үүлэрхэг өглөө замд гарч, явганаар Сан-ин-до харгуйгаар баруун хойш зүглэн, алс холын Изүмо хийдийг зорих урт холын аян замд гарав.Тэр үед үүсгэн байгуулагч Нао 66-н нас хийгээд, Онисабүро гэгээнтэн 31 нас, хоёр дахь үеийн тэргүүн 20 насыг тус тус зооглоод байсан ажгуу.Энэ үйл нь Онисабүро гэгээнтний Оомото шашны бишрэн шүтэгч болсны 2 жилийн ойтой яг давхцаж байлаа.
Энэ удаагын аялалын туйлын зорилго нь Изүмо хийдэд үе дамжин залагдаж ирсэн 「Мөнхийн гал」-с цучил залах үйл байлаа.
Аяабэ хотоос Изүмо хийд хүртэлх замын урт нь талдаа 300км гаруй тул ирж буцах нийлээд нийт 600 км өлхөн байлаа.Тэр үед өнөөгийн төмөр замын Сан-ин шугам байхгүй байсан бөгөөд, Сан-ин шугамын дагуу байх уулс толгодыг өгсөн уруудаж, далайн эрэг биеийн хуучин замаар алхан, шаардлагатай үед жижиг завь хэрэглэн ус гаталсаар нийт замыг 20 өдрийн туршид туулсан бөгөөд төсөөлөхөд бэрх урт аялалыг амжилттай гүйцэтгэсэн юм.
Үүсгэн байгуулагч тэр үед хэдийнээ 60 нас хэлбийсэн асан хэдий ч чавганы модны мөчрийг таяг болгон барьж, нуруугаа цэх тэнийлгэн алхах бөгөөд「Бурхан ар нуруунаас түлхээд буй тул өөрийн мэдэлгүй хурдан алхчихаад байх юм」 хэмээн өгүүлэх бөгөөд, уг аялалын эхнээс аваад дуусах хүртэл цувааны тэргүүнд алхсан гэдэг.
7 сарын 6 өдөр, аялалын хэсэг Каро мужийн эргээс Шиманэ-ханто арлын Михоно-сэки хүртэл усан замаар зорчих төлөвлөгөөтөй байсан хэдий ч, тэнгэрийн байдал муудсан тул усан онгоцоор явах боломжгүй болж, улмаар гурван хоногын турш Күмо-И дэн буудалд тэнгэр сайжрахыг хүлээсэн байдаг.Тэнд байх нэгэн шөнө Онисабүро гэгээнтэн, том хэмжээний галт цагираг хоёр дахь үеийн тэргүүний хэвлийн тус газар уусан шингэж буй зүүд зүүдэлсэн гэх бөгөөд тэр зүүдний зөн билгийн дагуу дараа жил нь гуравдагч үеийн тэргүүн Дэгүчи Наохи мэндэлсэн билээ.
Улмаар дээрх аялалын хэсэг чиглэлээ өөрчлөн эх газраар аялсаар 10-ны өдөр Хашизү гэх газраас усан завь хөлслөн Михоно-сэки хүрч, улмаар тэр орон нутагт байх Михо хийдэд мөргөл үйлджээ.Дараа өдөр нь тэд өөр усан завиар дундын тэнгисийг гатлан, Мацүэ хотын Оохаши дэн буудалд нэг хоноод, тэндээсээ Шинжико дамжин Хирата тийш үргэлжлүүлэн аяласаар эх газарт хүрсний дараа явган алхсаар Изүмо-гын Тайшяа хийдэд нар жаргасаны хойно хүрчээ.
Изүмо-гын хийд нь, Японы өнө эртний хийдүүдийн нэг бөгөөд, үүсгэн байгуулагч болон түүнийг дагалдах аялалын хэсгийн орон газартаа залахыг зорьсон 「Өнө мөнхийн гал」 гэдэг нь, энэхүү Изүмо хийдэд анх бурхан буусан тэр цаг тагаас үеийн үед дээдлэгдэн дамжиж, хамгаалагдан ирсэн бурханы ариун гал билээ.
Дээрх гал залах гуйлтыг хүлээн авсан Тай-шяа хийдийн хувьд ч урьд өмнө уг ариун галаас цучил таслаж өгч байсан түүхгүй тул тэдэнтэй хэл амаа олж ойлголцох нь тийм ч амар зүйл бас биш байсан хэдий ч эцсийн сүүлд хийд талын зөвшөөрлийг тэд олж чаджээ.Модны холтосоор хийсэн цомын төв хэсэгт хөвөн утсыг нийтгэж хийсэн бамбарт 「мөнхийн гал」-г залж, мөн уг хийдийн хашааны ариун элс(хийдийн гол сүмийн шалны доод хэсгийн хөрс) хийгээд мөргөлийн сүмийн суга биед байх бурханы өргөл гүнцэгт хэрэглэх ариун уст худгын ус зэргийг уг хийдийн хамбаас гардан авсан гэдэг.Энэхүү бурханы худгын ус нь ариун галын нэгэн адилаар, угтаа бол бусадтай хуваалцах ёстой зүйл биш бөгөөд Тай-шяа хийдэд залагдсан их бурханы үйлд зориулсан ариун дагшин ус байлаа.
Энэ мэт урьд хожид болж, бас дуулдаж байгаагүй үйлийг ердөө нэг хоёрхон өдрийн дотор бодитойгоор хийж гүйцэтгэж чадсан гэдэг нь маш гайхалтай зүйл бөгөөд, энэхүү үйл хэрэгт бурханы гүн таалал мөн оршиж байсан гэдэгт эргэлзэх зүйл үгүй бөлгөө.
Тэр үйл явдал болсон өдрийн маргааш буюу 30-ний өдөр, бурханы зарлиг лүндэнг ёсоор болгосон аялалын хэсэг тэр даруй орон нутагтаа буцах аяны замдаа гарав.Инаса-гын эргээс Мацүэ тийш усан онгоцоор хөдлөн, Шиманэ-ханто арлыг даялан тойрч далайн эрэгт буужээ.Улмаар Ёнаго боомтоос дахин усан замаар аялан, Каро-га-хама, Тоттори сүна-ока өнгөрч тэндэхийн эрэгт буусан ба цаашаа хуурай газраар аялан Ивай халуун рашаанаар дамжин Мүра-ока хүрч түүний дараа Киото-гын баруун хойд биед байх Фүкүчи-яма хүрчээ.Фүкүчи-яма-д Оомото шашны байгууллагын бишрэн шүтэгч нийт 200 гаруй сүсэгтэн угтан авсан бөгөөд, 7 сарын20 өдөр(хуучин тооллын 6 сарын 5 өдөр) нийт 20 хоног үргэлжилсэн аялал дуусч, аялалын хэсэг эсэн мэнд Аяабэд хүрсэн билээ.
Бамбарт залсан бурханы галыг маш ихээр нандигнан өргөн байсан хэдий ч, урт аяны замд бусдын гарт бузарлагдан, мөн далай тэнгисийн давалгаанаас цацагдах усанд цохиулан унтарч явсаар эцсийн сүүлд Онисабүро гэгээнтний барьж явсан бурханы гал л эцсийн цэг хүртэл унтралгүй үлдэж чадсан юм.Гэгээнтний унтраалгүй хамгаалан авчирч чадсан 「бурханы ариун гал」 нь Оомотогын их бурханы өмнөх зулд шилжин асч, улмаар их бурханд айлтгал өчих их ёслолыг үйлдсэн билээ.Түүнээс хойш бурханы ариун галыг 「Үзүми-би」 буюу 「Нууц гал」 болгон өргөмжилж, түүнийг сахигч нарыг томилон, бурханы өмнөх хоргонд залж, нүд цавчилгүй сахисан болно.Ийнхүү сахих үйл үргэлжилсээр яг 100 дахь өдөр Дэгүчи Нао үүсгэн байгуулагчид бурханы айлдвар дахин буух бөгөөд уг галыг 「Тэнгэрийн оронд үдсүгэй」 хэмээх зарлиг буусны дагуу уг галыг 15-н ширхэг зулд шилжүүлэн бадамлуулж, тэнгэрт залсан түүхтэй.
Ингэж үе дамжин хамгаалан сахиж ирсэн Изүмо-гын Мөнхийн гал Аяабэ-гын тэнгэрт заларч, эдүүгээ ч мөн Шин-тай-зан уул, Хонгү-яма уулнаа зохион явагдах үе үеийн тэргүүдийн гал уламжилах шашны ёс хийгээд, жил бүрийн Сэцүбүн их ёслолын шөнө хурлын гэсгүй ариун галыг үүсгэн, их бурханаа өргөж, Сэцүбүн ёслолын дараа залган үйлдэгдэх тэнгэр огторгуй хийгээд эх газар, мөн хүмүүнийг ариутгах 「Оохарай」 ёс зэрэгт хэрэглэгдсээр байна.
Бурханы ариун галын хамтаар Изүмо хийдээс залсан уг хийдийн төв дуганы шалны доод хөрсийг, үндэслэгчийн айлдсаны дагуу Изүмо хийдээс ирсний хойно төд удалгүй 7 сарын 23 өдөр Оомотогын ариун дагшин газрын хэмжээг тогтоон шийтгэх үйлд хэрэглэсэн билээ.Хожмоо Онисабүро гэгээнтэн:
「Энэ ертөнцөд залрах ирээдүйн бурханы гэр хэмээн
Эртний Изүмо хийдийн ариун хөрс шороог
Эх бурхан таны таалал зарлигын дагуу
Энэ газар нутагт цацан адисласан болой 」 хэмээн шүлэглэсэн байдаг.
Дээрх лүндэнг хүлээн авсан ажлын хэсэг уг ариун хөрсийг цацах 「Бурханы ариун газрыг тогтоох үйл」ёсыг гүйцэлдүүлэхийн тулд, Хонгү-яма уул хийгээд Рюү-мон-яката(Мэйжи эзэн хааны он тооллын 32 оны 12 сард Оошима Кэйбокү гэдэг бишрэн шүтэгчээс худалдан авсан Оомотогын эзэмшил газрын нэг хэсэг бөгөөд одоогын Аяабэ дахь бурханы өргөө болон Алтан уст худгын орчмын газар) цогцолборын орчим хүрч тэндээсээ хоёр хэсэгт хуваагдан, нэгдүгээр хэсгийнхэн Юүра голын(эдүгээгийн Вачи-гава гол) доод бие хүртэл явж, Нака-сүжи тосгон хүрээд буцав.Нөгөө хэсэг нь, Вачи-гава голыг өгсөн урагшилсаар, Хонгү-яма уулийн өмнө биеэр урсах Вачи-гава голын салбар Тано-гава гол хүрч тэндээсээ улам өгсөн Ясүба тосгоноос Ёцү-ояма уулыг бүтэн ороогоод Нака-сүжи тосгоноор дайран буцаж ирэв.Дээрх ариун хөрс цацагдсан газар нутгын хэмжээ хуучин Аяабэ хотыг бараг бүхэлд нь эзэлж байсан бөгөөд Аяабэ-гын төв хэсгээс дөрвөн зүгт хааш хаашаа хоёр километрын радиустай газар нутгийг хамарсан болно.
Тэр үе хүртэл Оомотогын эзэмшил газар нь ердөө Рюү-мон-яката цогцолборын эргэн тойрны хэсэгхэн газраар хязгаарлагдаж байсан бол энэхүү 「Бурханы ариун газрыг тогтоох үйл」-н дараа Аяабэ-гын бурханы өргөө нь уудам эзэмшил газар нутагтай болж тэлсэн юм.
Изүмогоос залагдаж ирсэн ариун дагшин ус нь эртний Исэ-гээс залагдсан усны хамтаар Алтан уст худаг зэрэг Аяабэ-гийн бүхий л газарт цутгагдан ариусгасан билээ. (энэхүү Алтан уст худаг нь дараа оны 3 сарын 7 өдөр「Болорын ундрага」 )
Изүмо-гын ариун галын тухайх зарлиг хийгээд Мэйжи эзэн хааны он тооллын 33 оноос 38 оны хооронд(1900~1905 он)өрнөсөн Мэшима арал, Ошима арал, Күрама-яма, эртний Исэ-гийн ариун ус залах ёслол, Мисэнзан-ивато уулын даяанчилал болон, Ивато, Мэшима, мөн Тайшёо эзэн хааны он тооллын 5 онд болсон(1916 он)Ками-жима аралд зохион явагдсан Бурханы дагшин газрыг тодруулан нээх үйл зэрэг нь Дэгүчи Нао үүсгэн байгуулагчын биед залран буусан бурханы зарлигын дагуу гүйцэтгэсэн үйл бөлгөө.
Го-шюүшшюү гэх зан үйл нь Оомотогын хувьд их гүн гүнзгий утга учир бүхий үйл бөгөөд энэ нь бурханы ертөнцийн нууц увьдист үндэслэсэн, дотоод мөн чанар хийгээд бурханы мөн чанарын үүднээс оюун ухаандаа тусгах шаардлагатай зүйл боловч, түүний жинхэнэ утга учрыг хүмүүн бид тийм ч амархан ойлгон ухаарах боломжгүй зүйл бөлгөө.Мэйжи эзэн хааны он тооллын 25 онд「Үшиторано-конжин」гэх нэрээр Кокүсо буюу угын бурхан энэ ертөнцөд эргэн залрахдаа Күни-токотачино-микото нэрээр Аяабэ тосгонд залран буусан бөгөөд энэхүү агуу их хувьсал шилжилтийн цаг үе дор зөвхөн Оомотогын үүсгэн байгуулагч Дэгүчи Нао хийгээд гэгээнтэн Онисабүро нарын гараар, эрт цагт анх Японы газар шороон дээр бурхан заларсан тэр үеээс эдүгээг хүртэл орших бурханы ариун ус хийгээд ариун гал болох эртний Исэ-гийн ариун дагшин ус болоод Изүмо-гын ариун галыг Аяабэд залуулж, 「бурханы гал」「бурханы ус」-ны ивгээл дор оршин, оюун санааны ертөнц хийгээд түмэн бодисын ертөнцыг ариусган нийгүүлсэн болно.Энэ ертөнцийг ариусгах их ариусгалын ёсыг үйлдсэний дараа, сав шимийн 3000-н ертөнцийг (Гурван мянган ертөнц гэдэг нь, бурханы ертөнц, энэ ертөнц, сүнсний ертөнцийг нийлүүлээд нийт 3000-н ертөнц хэмээн Оомотод үздэг болно)өөрчлөн хувьсгах их үйлийг эхлүүлэн, Майдар бурханы нийгүүлсэнгүйхийгээд гэрэлт ертөнцийг бодитоор бүтээн цогцлоох бурханы их төлөвлөгөө Оомотогоос нийт Япон тийш, улмаар нийт дэлхий ертөнц тийш өргөжин тэлэх, гүн гүнзгий дотоод утга учрыг өөртөө агуулсан хэмээн үздэг юм.
Түүнчилэн эдүгээ цаг дор, хүмүүний дотоод ертөнц бузарлагдан булингартсанаас болж ,дэлхийн цар хүрээг хамарсан цаг уурын огцом хувьсал, мөн улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шашин шүтлэг гээд нийгмийн бүхий л салбарт аюулт үзэдлүүд бодитоор буй болсон бөгөөд ийнхүү хүн төрлөхтөн агуу их хувьсал шинэтгэлийн энэхүү цаг үетэй нүүр тулахаас тэртээ 100-н жилийн өмнө Кокүсо их бурханы 「дэлхий ертөнцийн их ариусгал хийгээд их цэвэрлэгээг хийх」「Нэгдмэл цогц дэлхий ертөнцийг бүтээх」「Тэнгэр газрын ялгааг арилгана」 хэмээх тунхаг эдүгээ та бидний чихнээ илүү хүчтэй цуурайтан ойртсоор байгаа буйзаа.
E-mail: