おほもと Oomoto


Эспэранто болоод Оомото, бас би


Ирдэч Барбоса Дэ Акино(Бразил)

Хайр хүндэтгэлийг минь хүлээсэн Оомотогийн нийт бишрэн шүтэгчидээ.

Өнөөдөр та бүгдтэйгээ баяр баясгалан дүүрэн сэтгэлээр мэндчилж байна.Ийнхүү хэлж буйн учир нь Япон улсаас алсад орших холын хол Бразилд аж төрж буй тул өөрийн нүдээр Япон орныг үзэж танилцах миний хүсэл мөрөөдөл тийм ч хялбар биелэхгүй гэж бодож төсөөлж байсантай холбоотой.

Энд өөрийн тухай бяцхан танилцуулга хийхийг минь зөвшөөрнө үү.Миний нэрийг Ирдэч Барбоса Дэ Акино гэдэг.Ойр дотны нөхөд маань намайг Ирдэч гэж дууддаг.Одоо би 19-н настай бөгөөд энэ жил коллеж төгссөн.Цаашдаа биологийн чиглэлээр дээд сургуульд суралцах сонирхолтой байгаа.

Миний бие ядуу тарчиг гэр бүлд төрсөн.Эцэг эх маань 9-н хүүхэд төрүүлж өсгөсөн хэдий ч харамсалтай нь намайг 4-н настай байхад аав маань энэ ертөнцийг орхисон билээ.Түүнээс хойш би 「Боона Еспэро」 буюу 「Гэрэлт мөрөөдөл」 гэх нэртэй тариачны сургуульд ах дүүгийн хамтаар сурч бойжсоор ирсэн.

「Боона Еспэро」 сургууль маань Бразилийн төв хэсгийн далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн халуун орны уур амьсгал бүхий газарт байршдаг.Эндээс хойд зүгт 250 км-т Бразилийн нийслэл Бразилиа хот байх бөгөөд тэнд Маэда гуайн удирдлага дор Оомотогийн Интэрнациа байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм.

「Боона Еспэро」 сургуульд эсперанто хэлийг өдөр тутам өөрийн эх хэл мэт хэрэглэж байгаа бөгөөд энд улс улсаас сайн дурынхан цуглаж, гэр бүлгүй өнчин хүүхдүүдийг асран халамжилах үйлстээ эсперанто хэлээр харьцаж байна.Энэ хугацаанд Герман, Франц, Итали, Орос, Хятад, Япон, Австралийн нөхдүүдтэй эсперанто хэлээр харьцах сайхан боломж надад тохиосон билээ.

Энэ мэт сайн дурынхантай хамтран ажиллаж байх хугацаандаа эсперанто хэлний сурах бичиг, дүрмийн толь зэрэгтэй танилцаж эхлэсэн бөгөөд би бол эсперанто хэлний багш ч юмуу эсвэл мэдлэгтэн огт биш, жирийн л нэг оюутан юм.

Миний хувьд олон олон улс орны олон төрлийн хэлийг сурч эзэмших гэдэг нь бэрхшээлтэй зүйл бөгөөд, харин энэ ертөнцийн хүн ардын холбоо хэлхээг төгөлдөржүүлэн, нэгэн гэр бүлийн ах дүү мэт хамтын,түүнчилэн дундын хийгээд тэгш эрхийн зарчимд тулгуурлан хөгжүүлж буй эсперанто хэлний угын үзэлийг ихэд хүндэтгэдэг.

Оомото нь олон улсын төвшинд нэрээ цуурайтуулсан 「Эсперанто гүрэн」 учраас цаг хугацааны урсгалд дэлхийн өнцөг булан бүрээс нэр алдраа түмэнд дуурсгасан олон олон эсперанто хэлтнүүд айлчилан ирсэн өлгий нутаг хэмээн бодож байна.Миний бие эсперанто хэлний мэдлэгээр туйлын нимгэн тул өнөөдөр надад ичих сэтгэл төрж байна.

Нөгөөтэйгүүр эсперанто хэлийг үүсгэн зохиогч эрдэмтэн Замэнхоф гуайн төсөөлөл, тэр дундаа 「Хомарнизм」 буюу хүн төрлөхтний хүний нийгэм гэх эсперанто хэлний дотоод ухагдахуун болоод дэлхийн нийт хүн ард хоорондын нийтлэг ойлголцолыг гүнзгийрүүлэх зорилгод өөрийн нэг насны аж амьдралаа зориулсан түүний аугаа үйлийг бишрэн хүндэтгэдэг.

Миний хувьд эсперанто хэл бол бурханаас илгээсэн бэлэг юм.Яагаад гэвэл эспэранто хэлний ачаар өнөөдөр би Тэн-он-кёо хийдэд Цүки-нами баярт оролцон залбирал үйлдэж буй бөгөөд миний мөрөөдөл биелсэн хэмээн үзэж сэтгэл ихэд баясаж байна.

Энд миний хувьд хэзээ ч үл мартагдах нэгэн дурсамжийг та бүхэнтэй хуваалцмаар байна.Энэ нь 2004-н оны 12 сард Оомотогийн тэргүүн Дэгүчи Күрэнай гуай бидний 「Боона Еспэро」 сургуульд дагалдах нөхдийн хамт зочилсон явдал байлаа.Түүний дараа Оомотогын гадаад харилцааны хэлтсийн дарга Танака гуай манай 「Боона Еспэро」-д бүтэн нэг долоо хоног байж, бидэнд Японы уламжилалт соёл болох бийрийн уран бичлэг хийгээд цайны урлагын тухай ярьж, мөн өөрөө гардан үзүүлсэн билээ.

Тэр үед би анх удаагаа 「Цайны урлаг」-тай танилцаж улмаар дасгал сургууль хийсэн бөгөөд 12-р сарын 15-нд тэргүүн хатагтайн төрсөн өдрөөр цайны ёс үйлдэж тэргүүнд цай барих өндөр нэр хүндтэй бөгөөд аз завшаантай учрал надад тохиосон билээ.Тэр үеийн сэтгэлийн догдлолыг би хэзээ ч мартаж үл чадна.

Түүнээс хойш миний бие тэргүүн хатагтайн удирдлага дор эсперанто хэлний багш сурган хүмүүжүүлэгчдын туслахын ажлыг сайн дурын багийн гишүүний хувьд гүйцэтгэх дашрамдаа Японы уламжилалт соёлын зан үйлд шамдан суралцах хэрэгтэйг ойлгосон билээ.

Оомотод ирэхээсээ өмнө Оомотогийн тухай бичсэн ном сэтгүүл хэд хэдийг уншиж, хүн төрлөхтний хайр энэрэлийн үзэл санаа хйигээд даян дэлхийн энх тайвны ирээдүйн бодит биелэлийн төлөөх Оомотогийн сургааль номлолын тухай бодит төсөөлөлтэй болсон юм. 「Боона Еспэро」-д Оомотод эдүгээг хүртэлх олон жилийн турш өндрөөр үнэлэгдэн бодидоор мөрдөгдөж ирсэн сургааль номлолтой ижил төстэй үзэл баримтлал мөрдөгдөж байгаа билээ.Иймээс би Оомотогийн сургааль номлол хийгээд нийт бишрэн шүтэгч, даган баясагчдын даян дэлхийд энх тайвныг цогцлоон бүтээх их үйл хэрэгт өөрсдийн өдөр тутмын аж амьдралдаа хэрэгжүүлж буй бүхий л үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж байна.

Түүнээс гадна Оомотог үүсгэн байгуулагч Дэгүчи Нао, Дэгүчи Онисабүро гэгээнтний аж амьдрал, сургааль номлол, мөн үе үеийн тэргүүнүүдийн аж амьдрал, сургааль номлолын талаар шимтэн уншсан билээ.

Мөн Оомото нь эрэгтэй хүнтэй харьцуулахад илүү эв нэгдлийг эрхэмлэгч, илүү нарийн мэдрэмж бүхий эмэгтэй хүний онцлогыг дээдлэн үздэг хэмээн анх сонсоод эмэгтэй хүнийхээ хувьд надад аз жаргалтай санагдсан билээ.Ингэж хэлэхийн шалтгаан нь Бразилд өнөөдөр бүх салбарт ялгаварлан гадуурхах үзэгдэл цөөнгүй байдагтай холбоотой.Энэ утгаараа дээрхийн адил нийгмийн асуудлуудтай холбон эмэгтэй хүнийхээ байр сууринаас Японы уламжилалт соёлыг өөрийн биеэр мэдэрч суралцах туйлын хүсэлтэй байна.

Миний хүндэлж явдаг Оомотогийн эрхэм бишрэн шүтэгчид та бүхнээсээ энэ ариун дагшин газарт бүтэн 3-н сарын турш их зүйл сурсандаа туйлын их талархаж байна.Нөгөөтэйгүүр цаашдаа та бүхэндээ олон олон төвөг учруулж, олон хүний тэвчээрийг шалгах болох юм биш байгаа хэмээн бодож сэтгэл зовинож байна.Улмаар намайг өөрийн гэр бүлийн нэг гишүүн хэмээн үзэж цаашид улам ихийг зааж сургахыг та бүхнээсээ хичээгүйлэн хүсэж байна.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

(2007 он 4 сарын 1 өдөр Тэн-он-кёо хийд, Цүки-нами баяр)

© 2008 OOMOTO. All rights reserved.