Мод навчисаа хаялах тэр нэгэн өдөр, далайн чанадаас ирсэн нэг зочныг харсан тэргүүн хатагтай огт эргэлзэлгүйгээр бут моддын дундуур сүлжин Колин Киберт гуайн зогсож байсан газарт очиж түүнтэй мэндчилэв.Колин гуай бол Калифорни мужийн Санта-круз хотод аж төрдөг багш хүн бөгөөд мөн уран бүтээлч хүн билээ.Тэрээр сүүлийн 6-н жилийн турш өөрийн сурагч оюутнуудаа дагуулан Оомотод айлчилаж, Японы уламжилалт соёлтой танилцуулах үйл ажиллагаа хийж буй билээ.Энэ удаа тэрээр өөрийн сурагчдын хамтаар 3-н хоногын өмнө Японд ирсэн бөгөөд цагын зөрүү арилаагүйн улмаас нойрмоглох оюутнуудаа дагуулан Ока-яма аймгийн Күма-яма уулын оргилд зохион явагдаж буй анхны Оомотогын шүлгийн баярт оролцохоор хүрэлцэн ирээд буй нь энэ билээ.
Колин Киберт багш болоод тэргүүн хатагтай анх 2002 онд учирсан билээ.Тэд энэ Күма-яма уулнаа халуунаар гараа атгалцаж, яг л эртний танилууд шиг мэндлэхийг харж зогсох надад энэхүү шүлгийн баяр нь санаандгүй олон тохиолын учиг болж буй мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Төдөлгүй хэдэн цагын дотор би урьд нь уулзаж ярилцаж байсан Оомотогын олон бишрэн шүтэгчидтэй энд дахин учирав.2001 оны 12 сарын 3 өдөр анх уулзаж байсан Ока-яма салбар төвийн тэргүүн Танимото Хисаши гуайтай хэсэг зуур уулзаж ярилцсан бөгөөд тэрээр тус өдрийн шүлгийн баярын зохион байгуулах хэсгийн даргаар ажиллаж ихэд завгүй байсан хэдий ч дахин уулзсандаа ихэд баярлаж байлаа.
Мөн шаазан урлалын мастер Канешигэ гуайтай уулзсан бөгөөд тэрээр Күма-яма уулнаас холгүй орших Бизэн хотод аж төрдөг билээ.Би түүний урланд очиж байсан удаатай.Бас Бисэй хотын уулнаа, ууланд ургах ургамал ногоогоор хоол хийх бяцхан ресторан байх бөгөөд түүнийг эрхэлдэг Окамото Васаэ гуайтай энд уулзсан бөгөөд түүний ресторанд хооллож, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдсэн юм.
Мөн онцлон дурдах нэгэн хүмүүн байгаа бөгөөд тэр бол эдүгээ 94 нас сүүдэр зооглож буй Миакэ Шима гуай билээ.4-н жилийн өмнө тэрээр намайг Ока-яма салбар төвийн Цүки-нами ёслолд оролцохоор очих үед халуун дулаанаар хүлээн авсан нь надад хүчтэй дурдатгал үлдээсэн юм.
Шүлгийн баяр нь Оомотогын хамгын өнгө үзэсгэлэн төгөлдөр ёслолын нэг бөгөөд энэхүү баяр ч надад эртний танил мэт дотно санагддаг.2002 оны 11 сард Шикокү мужын Токүшимад зохион явагдсан Зүй-үн-кёон 50-н жилийн дурсгалд зориулсан шүлгийн баярт оролцож байсан бөгөөд энэ удаагын дууны баяр бол миний оролцож буй 2 дахь ёслол юм.
Энэхүү 2 баяр ёслолын хэв загвар хоорондоо ижилхэн ч орчин өөр байлаа.Аль аль нь эх байгаль дунд зохион явагдсан бөгөөд ижил тал нь зөвхөн энэ хүртэл юм.Шикокүд болсон шүлгийн баяр бол түүнийг хүрээлэх нарсан ой хийгээд тэнгэрт тал саран гийсэн сэрүү татам сайхан үдэш зохион явагдсан билээ.
Харин 2004 оны 10 сарын 24 өдөр Күма-яма уулнаа зохион явагдсан шүлгийн баяр бол цэлмэг тэнгэрийн дор, зөөлөн салхи сэвшсэн намуун тааламжтай үдэш байлаа.Энэ газрыг 23 дахь хар салхи дайран өнгөрөөд нэг долоо ч хоноогүй байсан тул энд тэндгүй үндсээрээ булгаран унасан модод хөглөрч байсан.Цэвэр тунгалаг агаар хийгээд моддын завсраар нарны алтан шар цацраг сүлжилдэх гайхалтай үдэш байв.Улмаар энэхүү алтан шаргал наран шүлгийн баярыг дуусах хүртэл биднийг гийгүүлсэн юм.
Гэсэн хэдий ч дээрх 2 баярын аль аль нь эртний домгын сэдвээр зохион явагдсан юм.Күма-яма уул нь эртний домогт өөр утга санааг агуулдаг билээ.
Салхи шуурганы эзэн Сүсано-о-но микото бол Күши-нада охин болоод түүний эцэг эхийг аврахын тулд аврага могойг хөнөөн дардаг.Түүний дараа тэрээр Күши-нада охинтой гэрлэн улмаар эх газарт энх амгаланг цогцлоодог.Иймээс энэхүү энх тайвныг билэгдэн эхний шүлгийг дуудсан бөгөөд энэ нь Японы анхны шүлэг хэмээсэн тайлал байдаг. Улмаар Сүсано-о-но микотогын тулалдсан үйлдэл нь зүйтэй алхам байсан хэдий ч тэрээр ард түмнийг удирдан залах үйлд дургүй нэгэн байсан тул ихэд шаналан зовдог байв.Шаналан зовох эр нөхрийнхөө уйтгар гунигыг бага ч болов хөнгөлөх үүднээс Күши-нада охин нумыг сумаар нь хөрөөдөн дуугаргаж байснаа, улмаар модон хувингын ёроолд нумаа бэхлэн тогтоож түүнийг сумаар нь дэлдэн дуугаргах болов.
Энэхүү домгоос Японы уламжилалт шүлгийн баярын эхлэл болоод өнөө үед ч уламжилагдан хэрэглэгдэж буй 2 чавхдаст Якүмо-гото ятга болоод нуман хэнгэрэг хөгжмийн үүсэл харагддаг билээ.
Оомото нь өөрийн зохион явуулах уламжилалт шүлгийн баярт эртний домогыг оруулах нь олонтаа.Ариусгалын ёс үйлдэх гэсгүй уг ёслолын эхэнд Сүсано-о-но микотогын зохиосон шүлгийг эхлэлийн уншлага болгон дуудав.Үүний дараа гартаа хонх барьсан гурван үзэсгэлэнт охин гарч ирэх бөгөөд ариусгах ёслолын бүжгийг бүжин нааддаг билээ.Улмаар якүмо-гото болоод нуман хэнгэрэгийн айзамд тааруулан уралдаанд шалгарсан шүлгүүдийг ээлж дараалан дуудна.
Мөн тусгай ёслолын үед олон ангийн цаасыг хэрэглэх бөгөөд тус бүрийн магтаал шүлгийг ээлж дараалан дууддаг.Күма-яма дахь энэ удаагын баярт нийт 1000 гаруй шүлэг ирсэн бөгөөд тэдэн дундаас 50 орчим шүлэг шалгарсан юм.Уг шүлэг нь эртний хэлбэрээр буюу 5-н шад 31 үсгээс бүтсэн байх учиртай.Оомотог үндэслэгчийн нэг Дэгүчи Онисабүро гэгээнтэн нь шүлэгч, яруу найрагч байсан бөгөөд тэрээр хэдэн мянгаар тоологдох шүлэг дууг үлдээсэн байдаг.Оомотогын бишрэн шүтэгчид ч мөн олон шүлэг зохиох бөгөөд сар бүр хэвлэгдэн гарах 『Кинохана』 сэтгүүлд нийтэлдэг юм.
Күмаяма (баавгайт уул) бол Сүсано-о-но домогтой холбоотой бас нэгэн өвөрмөц дүр төрхтөй.Тэр нь уулын оргилд орших гурвалжин хэлбэрийн эртний олдвор болно.12 хавтгай дөрвөлжин метр тавцан дээр өрсөн хад чулуун өрлөг юм.Энэхүү олдворыг манай эриний 8-р зуунд босгосон хэмээн судлаачид үздэг ч хэн үүнийг юуны тулд бүтээснийг өнөө хэр тайлж ойлгож чадаагүй байгаа.
Үүний тухай Онисабүро гэгээнтэн мэдэж байсан байж болох талтай.Учир нь тэрээр үүнийг Сүсано-о-но-гын, эсвэл түүний биеийн нэг хэсгийн булш хэмээн бичсэн байдаг.Бусад нь өөр өөр газарт хэсэгчилэн оршуулсан байгаа хэмээн тайлбарласан байдаг ч хэн ч үүнийг худлаа хэмээн нотлож чадахгүй бөлгөө.
2 жилийн тэртээ энэхүү олдворыг өөрийн нүдээр анх харсан тэргүүн хатагтай, салбар төвийн тэргүүн Тани-мото гуайд 『хэзээ нэгэн цагт Күма-яма ууланд шүлгийн баярыг зохион явуулбал сайхнаа.Оомотод Сүсано-о-ног энэ уулын хөрснөө шингэсэн гэж итгэдэг учраас』 хэмээн өгүүлсэн гэдэг.
Ока-яма салбар төвийн нөхдүүд уг хүслийг хүлээн авч, оюуны болоод материаллаг талаас нь хичээн ажилласан билээ.Мушгиралдан өгсөх нэг урсгалт уулын замаар 1000 гаруй хүнийг оргил өөд тээх нь газар зүйн байршлын хуьвд төвөгтэй энэ газар оронд туйлын хүнд ажил гэдэг нь ойлгомжтой.Тэргүүн хатагтай хийгээд бүх оролцогсодыг уулын оргилд хүртэл хэдхэн зуун метрийн газар хүртэл автобусаар зөөвөрлөсөн бөгөөд зам нарийн, зөрөх боломжгүй тул тээврийн хэрэгслийг нарийн зохион байгуулах шаардлагатай байсан.Тиймээс шүлгийн баярын дараа оролцогсдыг тээвэрлэн буулгах ажил 3-н цаг гаруй үргэлжилсэн билээ.
Ока-яма салбар төвийн нөхдүүд уг баяр ёслолд хэрэгтэй бүхий л зүйлийг уулын оргилд хүргэх үүрэгтэй байлаа.Зөөврийн тайз, майхан, чанга яригч хэрэгсэл, бүх оролцогсдын уух ус, хоол хүнс гээд олон зүйл байлаа.Бүхий л тал дээр басамжилж тайтгарах боломжгүй байсан бөгөөд энэ нь уг баярыг улам бүр тусгай болгосон билээ.
Анх Онисабүро гэгээнтэн Японы уламжилалт шүлгийн баярыг 1935 онд сэргээсэн түүхтэй.Эрт цагын Япон хүмүүс хөгжилдөн баясах үүднээс дуу шүлэг зохион хамтдаа дуудан дуулахын тулд нэг дор хуран цугладаг байсан гэдэг.Оомотогын хувьд бол жил бүрийн 8-р сард Онисабүро гэгээнтний төрсөн өдрийн баяраар шүлгийн баяр ёслолыг зохион явуулдаг заншилтай.Шүлгийн баярыг уламжилал болгон зохион явуулж буй дүр зураг нь Оомотогын уламжилалт урлаг хийгээд хүмүүний оюун санааны дотоод ертөнцийн өнгөлөн гэгээрүүлэх бас нэгэн төрлийн идэвх чармайлтын жишээ юм.Эрт цагт энэхүү ёслол нь гол төлөв Шинто шашны бурхан залрах газарт үйлдэгдэн, түүний хажуугаар гол урсан, зарим үед уулын оргилд ч бас зохион явагддаг байжээ.Яг л энэ Күма-яма уулын баяр лугаа.
E-mail: