Сэцүбүн их баяр ёслолын өмнө та бүхэнтэй мэндчилэх болсондоо туйлын их баяртай байна.Миний бие Оомотод олон удаа айлчилж, Сэцүбүн их ёслолын тухай олон яриа сонссон хэдий ч өөрийн биеэр оролцож буй нь анх удаа билээ.Жилийн турш зохион явагдах шашны олон үйл ажиллагаанаас хамгийн том хэмжээний их ариусгалын ёс болох Сэцүбүн баярт оролцож, өөрийн биеэр үзэж сонирхох болсонд сэтгэл ихэд хөдлөж байна.
Өнөөдөр би энд Оомотод байгаа гэдэг нь, дэлхий ертөнц, тэр дундаа миний эх орон болох Америк улс түүхэн чанар бүхий ээдрээтэй асуудалтай нүүр тулгараад байгаа тул өнөөдрийн их ариусгалын ёслолд оролцож буй нь цагаа олсон явдал хэмээн бодож байна.
Миний бие Оомотогын тухай ном бүтээх ажлаар нэг жилийн хугацаатай Япон улсад саатаж буйг та бүхэн нэгэнтээ мэдэж байгаа буйзаа.Энэхүү номынхоо тухай дараа нь өгүүлэх бөгөөд, одоо өөр зүйл ярихыг хүсэж байна.Түрүү удаагын айлчилалыг хүртэлх хугацаанд одоо бүтээж буй номдоо хэрэг болохуйц олон зүйлийг өөрийн биеэр мэдэрсэн билээ.Гэсэн хэдий ч Сэцүбүн их ёслолд биечилэн оролцолгүйгээр Оомотогын тухай утга төгөлдөр номыг бүтээх нь боломжгүй хэрэг юм.
Миний ойлгосноор бол Сэцүбүн их баяр ёслол нь Оомотогын хувьд чухал олон утга санааг нэгтгэн илэрхийлж буй мэт санагдана.Түүний нэг нь өвлийн улирлаас хаврын улиралд шилжиж буйг илэрхийлсэн утга санааг агуулж буй.Энэ нь ирж буй шинэ ондоо элбэг дэлбэг хийгээд амар амгалан аж төрөхийг билэгдэн, улс гүрэн, сансар огторгуйн ариусгал болоод хүмүүн бидний нүгэл хилэнцийг нэг бүрчилэн ариусган арилгаж, та бидний сүнсний буюу дотоод ертөнцийг ариусгах их зан үйлийг гүйцэлдүүлдэг билээ.
Мөн бас нэгэн чухал зүйл нь, анх Үшиторано-конжин хэмээгч бурхан Дэгүчи Нао багшийн биед залран бууж, даян дэлхийн хөрсөн дээр диваажин мэт энх тайваны ертөнцийг шинээр цогцлоохын төлөө шамдан ажиллахаа тунхагласан өдөр бөгөөд энэ утгаараа Сэцүбүн ёслолын өдөр нь баяр баясгалангын билэгдэл бөлгөө.
Үүсгэн байгуулагч их багш Дэгүчи Наогын биед Үшиторано-конжин бурхан заларсан түүх бол эдүгээгээс 100 жилийн тэртээ болсон явдал билээ.Улмаар даян дэлхийн энх тайван, зэвсэглэлээр хөөцөлдөхийг халах үзэл, мөн дайн дажин хэмээх бусармаг үйлдэлийг эсэргүүцэх үзэл санаа нь Оомотогын түүхэн үйлийн гол ухагдахуун болсон бөгөөд энэ нь Дэгүчи Онисабүро гэгээнтний сургаальд бүрэн тусгалаа олж илэрхийлэгдсэн байдаг.
Эдгээр сургааль номлол нь хэдийгээр 100-н жилийн тэртээх зүйл хэдий ч өнөөгийн бидний ертөнцөд мөн чухаг зүйл болно.Өнөөдрийн Америк улс хийгээд Онисабүро гэгээнтний аж төрж байсан тэр үеийн Япон улсын хооронд ижил төстөй цочирдом зүйлс олонтаа байна.
Жишээлбэл Онисабүро гэгээнтэн, Шинто шашин улс төрийн зорилгоор ашиглагдаж байна хэмээн тэр үед хэлж байжээ.Өнөөдрийн Америкад Христийн шашны бишрэн шүтэгчдийг мухар сүсгээр мунхруулан,улсын дотоод улс төрийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, мөн гадаад улс орон тийш тэднийг аймшиг хийгээд хонзогнох сэтгэлээр турхирч, өөрсдийн гадаад бодлогынхоо алдааг нуун халхалах зорилгоор ашиглаж буй улс төрчид ч бас байна.
Миний бие өнөөгийн улс төрийн үйл явцыг аймшигт үр дүнг олонтаа харж ирлээ.Өдрөөс өдөрт өөр хоорондоо алслан холдох бачн хоосны ялгаа хийгээд цаг хором бүр устан үгүйрэх байгаль орчин.Хамгийн их харамсаж буй нь Ирак дахь амь үрэгдэгсэд болоод тэндэхийн сүйрэл юм.
Тэр үеийн Япон улс хийгээд өнөөгийн Америк орны ижил төстэй бас нэг жишээ дурдая.Онисабүро гэгээнтэн болоод тухайн үеийн олон эрдэм мэдлэгт хүмүүн тэр үеийн хаант засаглалыг эсэргүүцэн буруушааж байсан бол өнөөгийн Америк улсын нийт иргэдийн тэн хагас нь мөн засгийн газрын эсрэг байгаа юм.
Америк улс тухайн үеийн эзэн хааны засаглал бүхий Япон улс шиг, тэрхүү үл тоомсорлосон болоод дайсагнах үзлийнхээ хариуг маш өндөр үнээр төлөх өдөр ирнэ хэмээн боддог бөгөөд ингэж бодоход үнэхээр айдас төрдөг.Тэр нь ямар хэлбэр дүрсээр, хэзээ болохыг миний бие таашгүй.Учир нь би Онисабүро гэгээнтэн лугаа зөн билэгтэн биш бөлгөө.
Намайг улс төрийн тухай ярисанд та бүхэн битгий зэмлээрэй.Миний хэлэхийг хүссэн зүйл бол тэр үед Онисабүро гэгээнтний хэлж сургасан сургааль өнөөгийн нийгэмд хэрхэн яв цав таарч буйг хэлэхийг хүссэн болно.
Оомотогын дэлхий нийтэд уриалж буй уриалга бол хайр энэрэл хийгээд энх тайван, тэгээд хүсэл мөрөөдлийн мессеж болно.Үүнийг илэрхийлэх Оомотогын арга зам нь урлаг хийгээд олон улсын шашин хоорондын хамтын ажиллагаа юм.Энэ бол энх тайван, хайр энэрэл, мөн хүсэл мөрөөдөлд хүрэх бодит зам мөр бөлгөө.Учир нь дайн дажинг урлаг соёлтой хослуулах боломжгүй билээ.
Одоо өөрийн бүтээж буй номынхоо тухай богинохон яриа дэлгэе хэмээн бодож байна.
Эдүгээгээс 30-н жилийн тэртээ, уран бүтээлч, урлагын зүтгэлтэн, цагтаа дотрын эмч явсан Фредрик Франк эрдэмтэн анх 『Оомототой учирсан минь』 номыг бүтээсэн билээ.Энэхүү гайхамшигт ном өнөө хэр хэвлэгдэн буй хэдий ч тэр цагаас хойш даруй 30”н жил өнгөрч, энэ хугацаанд бас их зүйл өөрчлөгдөн хувьссан байна.Тиймээс өөр өнцгөөс асуудалд хандах шаардлага урган гару буйг мэдэрсэн хүмүүн Оомотод бас олон байна.
Улмаар, Оомотогын төв удирдлагын зүгээс, Япон улсаас бусад орны уншигчидад зориулсан , тэр дундаа олон олон учир шалтгааны улмаас Оомотог сонирхсон урлагын зүтгэлтэн, уран бүтээлч, шашны удирдагч зэрэг хүмүүст зориулсан Оомотог бүрэн илэрхийлж чадахуйц англи хэл дээр ном бүтээх саналыг надад тавьсан билээ.
Баруун Европын ихэнх уран бүтээлчид урлагыг хүмүүний дотоод ертөнцийг өнгөлөх нэгэн арга зам болгон ашиглаж ирсэн Японы уламжилалт шашин болох Шинто-гын тухай мэдмэгцээ түүнд татагдах нь эргэлзээгүй юм.Мөн урлагын бүтээлийн үнэ цэнэ нь тухайн бүтээлийн эцсийн дүрс хэлбэрт бус, түүнийг бүтээх шат дамжлага болон оюун санаанд оршдог тухай сурган, өөрийн биеэр бодитоор замнаж ирсэн Онисабүро гэгээнтний тухай илүү гүн гүнзгий судлахыг эрмэлзэх нь гарцаагүй.
Мөн Онисабүро гэгээнтэн, 『Урлаг бол хэн нэг мэрэгшсэн хүмүүний хувийн өмч биш бөгөөд, энгийн хэн ч бай түүгээр дамжуулан бурхантай ойртох зам мөр юм』 хэмээн хэлж үлдээсэн байдаг.Энэ үг нь баруун европын ямар ч уран бүтээлч, урлагын зүтгэлтний сэтгэлийн чавхдасыг хөдөлгөх буйзаа.
Оомотод бас нэгэн гайхмшигт үзэл санаа байдаг бөгөөд энэ нь бурхан бол нэг цул багана хэмээгээд,бүх шашин нэгэн эх язгууртай хэмээн номлосон байдаг.Энэхүү сургаалийн утга санаа нь, шашин хийгээд түүний энэрэнгүй үзэл нь хүн төрлөхтөнд туйлын хэрэгтэйг илэрхийлнэ.Энэ энэрэнгүй үзэл оюун гэдэг нь та бидний аж төрж буй өнөөгийн нийгэмд ихээр дутагдаж буй зүйл билээ.Шашин хоорондын ойлголцол дээр үндэслэсэн хамтын ажиллагааны шаардлага, түүний чухалыг мэдэрсэн хүмүүс Оомотогын үйл ажиллагааг ихэд сонирхдог юм.
Гадаадын ихэнх хүмүүн урлаг болоод шашин хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан Оомототой учирдаг бөгөөд энэ хүмүүс л миний бүтээж буй номын гол уншигчид байх болов уу хэмээн бодно.
Би өөрөө ч урлагаар дамжуулан анх Оомототой учирсан нэгэн билээ.Анхны сэтгэл татагдсан учиг нь Онисабүро гэгээнтний бүтээсэн цайны аяга байлаа.Миний бие Америкийн Калифорни мужийн Силикон Валлид чөлөөт сэтгүүлчээр ажилладаг юм.Олон төрлийн сэтгүүлд технологи болоод бизнесийн тухай бичиж нийтлэдэг болно.Анх 1998 онд анх өөрийн сонирхолд хөтлөгдөн шаазан урлагаар хичээллэж эхэлсэн юм.Миний багш болох Колин Киберт бол 1985 онд Оомотогын урлагын зуны семинарт сууж дүүргэсэн нэгэн билээ.
Тэр нэгэн өдөр Колин багш, өөрийн сурагч оюутнуудаа дагуулан Японы уламжилалт урлагтай танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа бидэнд хэлж билээ.Энэ бол 1999 оны хавар байлаа.Колин багш бидэнд нэгэн шаазан аяганы гэрэл зураг үзүүлэв.Тэр бол Онисабүро гэгээнтний гараар бүтсэн бүтээл байсан бөгөөд би түүнд эзэмдүүлж орхисон юм.Улмаар би тэр аялалд заавал багтах ёстойгоо мэдэрсэн болно.Японд байх хугацаа дуусах өдөр хүртэл би тэндэхийн соёл, урлаг, байгалийн үзэсгэлэн төгөлдөр зохицол, тэр дундаа Оомотогын хүмүүсийн халуун зөөлөн сэтгэл, хүнд тавих анхаарал зэрэгт туйлын их талархан, сэтгэл догдолж билээ.
Анхны айлчилалынхаа дараа би Япон улсад ямар ихээр дурласнаа хараад өөрөө өөрөөсөө цочирдож байсан юм.Одоо эргэн дурсахад цочирдож гайхшираад байх зүйл огтоос байхгүй байлаа.Учир юу гэвээс миний эцэг эх хоёр дэлхийн 2-р дайны дараа Японд анх учирсан байв.Эцэг маань явган цэргийн сургуульд, эх маань явган цэргийн нэгтгэлд нарийн бичгээр ажиллаж байжээ.Тэд 1947 он буюу Шёова эзэн хааны он тооллын 22-р онд Токио хотноо гэрлэсэн юм.
Улмаар би 1949 оны 4-р сард эхийнхээ хэвлийд олдсон бөгөөд энэ нь эцэг эх хоёр маань Японоос төрөлх нутаг тийш буцахаас 3-н сарын өмнөх явдал байжээ.Энэ утгаараа миний Япон улсад анх хөл тавьсан аялал бол Японд эхийнхээ хэвлийд анх олдсоноос хойш яг 50-н жилийн дараа болсон явдал юм.Үүний тухай эргэцүүлэн бодохуйяа, Япон гэдэг улс бол миний хувьд онцгой орон нутаг бөгөд үүнийг анх Япон улсад ирж үзээд ойлгосон билээ.
Би 2000 он, 2001 оны хавар тус тус Колин багшийн хамтаар Японд ирсэн юм.Оомотог сонирхох миний хувийн сонирхол болоод өөрт заяасан бичгийн бяцхан авьяас хоёр эвцэн нийлж, улмаар Оомотогын гадаад харилцааны албанаас хэд хэдэн ажил дээр хамтрах саналыг авч байлаа.
2001 оны сүүлийн хагаст 3-н сарын турш, Оомотогын гадаад харилцааны албанд сайн дурын ажилтанаар ажилласан юм.Түүний дараа 2002 он, 2003 онд Оомотод ирж англи хэл дээр бичиж эмхэтгэх ажилд тус тус оролцсон болно.Тэр үед бичиж эмхэтгэсэн зүйлсээ өөрийн гараар гэрэл зургын хальснаа буулгасан зургын хамтаар Оомотогын цахим хуудаснаа дэлгэн үзүүлсэн байгаа.
Энэ удаа бол Оомотогын тухай номыг англи хэлээр бүтээх ажлаар нийт нэг жилийн хугацаатайгаар Оомотод саатаад буй.Өнөөдрийг хүртэл нэлээдгүй материал цуглуулсан бөгөөд цаашдаа багахан хэмжээний хэд хэдэн сурвалжлага хийх шаардлагатай байгаа.Өнөөдрийн энэхүү Сэцүбүн их баяр ёслолын дараагаас эхлээд эмхэтгэх ажилдаа ороё хэмээн бодож байна.
Оомото бол энэ дэлхийн бүхий л уран бүтээлчид, урлагын зүтгэлтэн, бурхан шажинтан, мөн энх тайвныг хүсэмжилэгч хүмүүнд туйлын чухаг мессежийг илгээсээр байна.Оомото бол, түнэр харанхуйд алхах зам мөр бөгөөд, өнөөгийн түгшүүрт цагт аж төрөгч хүмүүнд чих тавин чагнахуйц мессежийг илгээсээр байна.Улмаар миний бүтээн туурьвиж буй ном маань далайн чанадын орны хүмүүнд бяцхан ч атугаа хэрэг тус болвоос энэ нь надад дээдийн дээд шагнал болно.
Энх тайван, хайр энэрэл, тэгээд хүсэл эрмэлзлэлийн мессеж.
Энэ бол үүсгэн байгуулагч болон гэгээнтэн багшын үзэл бодол билээ.
(2005 оны 2 сарын 3 өдөр,Сэцүбүн их ёслолын өмнөх ярилцлага)
E-mail: