おほもと Oomoto

「Оомотогын мөн чанар」
номыг бүтээсэн тухайд

Билл Робетс

Оомтогын Сэцүбүн их ёслолд дахин яриа хийх болсондоо миний бие туйлын их баярлахын сацуу нэр төрийн хэрэг хэмээн ойлгож байна.Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө энэ баярын үеэр би өөрийн бүтээж буй номын тухай яриаг та бүхэндээ дэлгэж байснаа сайн санаж байна.Өнгөрөгч 12 сард бүтээж дууссан энэхүү ном маань өнөөдөр Тэнсэй-шя хэвлэлийн газарт хэвлэгдэн гарлаа.

Тиймээс энэ завшааныг ашиглаад та бүхэндээ талархал илэрхийлэх ёстой хэмээн бодож байна.Та бүхний тус дэм, сэтгэлийн оролцоогүйгээр миний бие энэхүү номыг бүтээн туурьвиж чадахгүй байсан нь илэрхий билээ.Иймээс энэхүү номыг бүтээж дууссаны баярыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйг хүлээн авна уу.

Уг номын оноосон нэр нь 「Оомотогын мөн чанар」 бөгөөд дэд нэр нь 「21-р зууны урлаг, оюун санаа, энх тайванд хүрэх зам」 юм.

Энэхүү ном маань Оомотог дэлхий нийтэд танилцуулах ном бөгөөд 30-н жилийн дараа англи хэлээр бүтээгдсэн 2 дахь томоохон бүтээл болно.Нийт 336-н хэвлэлийн хуудастай, 20,000 гаруй гэрэл зургаас сонгож 500-н зургыг нийтэлсэн юм.

Оомотогын зүгээс надад уламжилалт баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэх ёс заншил, түүх, үе үеийн тэргүүнүүдийн намтар болоод сургааль захиас, Японы уламжилалт урлаг, газар тариалан, уламжилалт шашин хийгээд түүний мөн чанар, үйл ажиллагааны зорилго гэх мэт олон нүүр царайг барууны хүмүүнд бодитоор илэрхийлж ойлгуулж чадахуйц ном бүтээх саналыг тавьсан билээ.

Улмаар миний бие энэхүү номыг бичих судалгаа хийгээд үүнд хэрэглэгдэх судалбар гэрэл зургыг хальснаа буулгах ажлыг 2004 оны 10-н сараас эхлүүлэн, 2005 оны 12 сар хүртэл нийт нэг жил илүү хугацааны турш Оомотод байрласан болно.Тиймээс энэ удаа нийт 14-н сар Оомотод байрлаж, урьд нь ч мөн олон удаа ирж байсныг та бүхэн нэгэнтээ мэдэж буй.Иймээс энэ ном хэрхэн яаж үүссэн тухай багахан яриа дэлгэхийг хүсэж байна.

2001 оны эхээр,Оомотогын цахим хуудаснаа нийтлэл бичих ажлаар 3-н сарын хугацаатайгаар Оомотод саатсан бөгөөд тэр үед ном бүтээх санаа анх төрсөн билээ.Гэсэн хэдий ч ингэхийн тулд олон судалгааны ажлуудыг хийж, илүү урт хугацааны турш Оомотод саатах хэрэгтэй гэдгийг мэдэрч байсан билээ.Мөн энэ номыг бүтээх ажилд Оомотогын олон олон бишрэн шүтэгчдийн идэвх зүтгэл хийгээд тэдний шууд оролцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг бас ухаарч байсан билээ.

Би 2002 онд, Даян дэлхийн бурхан шашинтны 2-р чуулган, хамтын мөргөлийн үйл ажиллагааны сурвалжлагын ажлаар Оомотод эргэн ирсэн билээ.Чуулган эхлэхээс 2 хоногын өмнө би анх удаа 5 дахь үеийн тэргүүнд бараалхсан юм.Тэргүүн хатагтай намайг Сэнгэцү-тэй хэмээх цайны ёслолын өргөөнд хүлээн авч уулзсан билээ.

Тэргүүн хатагтайн гараас цай хүртэнгээ хожмын нэг өдөр Оомотогын тухай ном бүтээх хүсэлтэй байгаа тухайгаа би уламжилсан юм.Тэргүүн хатагтай намайг ихэд хөхүйлэн дэмжиж, анх Оомотогын тухай Frederick Franck эрдэмтний зохиосон 「Оомототой учирсан минь」хэмээх ном хэвлэгдэн гарснаас хойш даруй 30-н жил өнгөрсөн тухай хуучилсан билээ.

Иймээс энэхүү ном бүтэх хувь тохиол тэр үед тэргүүн хатагтайд бараалхах үед шийдвэрлэгдсэн хэдий ч бодит ном болон хэвлэгдэн гарах хүртлээ тэр өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаа шаардагдсан юм.

Надтай нэгэн зүйл дээр тэргүүн хатагтай ч мөн санал нэгдэх болов уу хэмээн бодож буй бөгөөд энэ нь уг ном та бүхний гүн туслалцаа дэмжлэг, өргөн уужим сэтгэл, хайр энэрэл байгаагүйсэн бол бодит биелэлээ олохгүй байсан гэдэг зүйл юм.

Би энэ номонд дан ганц Оомотогын түүх болоод шашны зан үйл, баяр ёслолын тухай бичээд зогсолгүй, Оомотогын нийт бишрэн шүтэгчдийн яриа, бодитоор үзэж мэдэрсэн зүйлсийн тухай их зүйлийг бичиж оруулсан болно.Ингэхийн тулд Оомотогын орон нутаг дахь олон салбар төв хийгээд бурханы гэрээр сурвалжилан тойрсон билээ.

Нийт 14-н сар Оомотод саатах хугацаандаа бурханы 6-н гэр өргөө,мөн 6-н салбар төвөөрөөр зочилсон юм.Ингэж явахдаа олон олон гайхалтай хүмүүнтэй учирч, тэдэнтэй ярилцсан бөгөөд харамсалтай нь өнөөдөр бүгдийнх нь нэрийг нэг бүрчилэн дурдах боломжгүй байна.

Тэдгээр ярилцлага бүхэн орчуулагчаар дамжуулан харьцаж байсан бөгөөд залуучууд болон бүх насны бишрэн шүтэгчид хамрагдсан байгаа.Шашинд элсэх үйл хөдлөл хийгээд аж төрөхөд урлаг түүний оруулах хувь нэмэр, мөн итгэл бишрэл, Оомотогын итгэл бишрэлийн зам мөр, дэг жаяг, аж амьдрал дээрх өдөр тутмын мөрдлөгө гээд олон сэдвээр сурвалжлага хийсэн.

Үүний ачаар би Оомотогын мөн чанарыг ойлгосон бөгөөд тэрхүү мөн чанар хийгээд жинхэнэ дүр төрхийн талаар уншигч олонд тайлбарлан ойлгуулах чадамжтай болсон бөлгөө.Газар тариалан эрхлэгч хүмүүн, арилжаа наймааны ертөнцийн хүмүүн, пүүс корпорацийн эзэд, төрийн албан хаагч, гэрийн эзэгтэй, урлаг соёлын зүтгэлтэн гээд л өөр хоорондоо ижилгүй олон мэргэжлийн хүмүүнтэй учирч ярилцсан юм.

Нийт сурвалжлагад 100 гаруй Оомотогын бишрэн шүтэгчид хамрагдсан байна.Тэргүүн хатагтай, ерөнхийлөгч асан Хиросэ Ясүми гуай, төвийн тэргүүн Шимамото Күнихико гуай, төвийн дэд тэргүүн Ивасаки Күнио гуай гээд л удирдах албан тушаалтнууд ч мөн багтаж буй.

Оомотогын түүх, сургааль номлол,соёл урлагын чухлын тухай сурвалжлагыг Дэгүчи овгын 3-н хүнээс илүү гүн сурвалжилсан юм.Тэд бол Дэгүчи Хисао гуай, Дэгүчи Кёотаро гуай, Дэгүчи Масато гуай билээ.

Мөн энэ завшааныг ашиглаад намайг анх Оомототой учруулсан нэгэн эмэгтэйг танилцуулая хэмээн бодож байна.Тэрээр энэ өдөр яг энэ ёслолд бас оролцож буй билээ. Калифорни мужийн Санта Крүз (Santa Cruz) хотоос хүрэлцэн ирсэн шаазан урлалын багш Колин Киберт (Coeleen Kiebert) юм.Тэрээр бас миний шаазан болон шавар урлалын багш билээ.1999 онд би түүний сурагч байсан бөгөөд түүний санаачилсан аялалд хамрагдсаны ачаар анх Оомототой учирсан юм.Өнөөдрийн энэхүү боломжийг ашиглан намайг Оомото тийш замнуулсан багшдаа гүн талархал илэрхийлэе.

Дахин дахин хэлж буй хэдий ч та бүхний сэтгэлийн гүн туслалцаа байгаагүйсэн бол энэхүү ном өнөөдөр мэндлэхгүй байлаа.Тэр утгаараа энэ номын зохиогчын эрх надад бус нийт та бүхэнд буй хэмээн хэлж болох буйзаа.Иймээс хамтдаа нижгэнэтэл алга ташин хамтдаа баярлая.

Энэ номыг бүтээхдээ би барууны хүмүүний нүдээр харж,тэр өнцгөөс бичсэн болно.Еврейн шашин болоод Христийн шашны уламжилалт европ хүмүүнд Оомотогын итгэл бишрэл, өдөр тутмын үйл хөдлөлийг аль болох ойлгоход хялбар байлгах тал дээр хичээсэн юм.

Сурвалжилах ажлын хүрээнд олон арван ном уншиж, мөн Сэцүбүн их баяр хийгээд Оомотогын бусад томоохон зан үйлд өөрийн биеэр оролцсон билээ.

Такэда, Нара, мөн Үэ-дани зэрэг газруудад очиж мөргөл үйлдсэн.Өнгөрөгч оны 5-р сард Мирокү-но буюу Майдар бурхны Но жүжгийн ёслолын үеэр олон гэрэл зураг хальснаа буулгасан юм.Мөн орон нутгийн салбар төвүүдийн сар бүрийн уламжилалт Цүки-нами ёслол хийгээд Така-күма уулын мөргөлд бас оролцон, сурвалжилах ажлаа хийж байлаа.

Ном бүтээх бичгийн ажлаа 3-р сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 7-н сарын турш бичсэн байна.Миний хувьд анхаарал хийгээд төсөөлөл төвлөрдөг үе нь шөнө бөгөөд ихэнхдээ үдэш 8-9 цагын үед эхлээд шөнө дунд 2-3 хүртэл бичиж суух өдөр олонтаа байсан.Өдрийн цагаар шөнө бичсэн зүйлээ эмхэлж цэгцлэх ажил л байдаг байсан.

Учир иймээс Бан-шёо-дэн хийдийн өглөөний мөргөлд ихэхдээ оролцож чаддаггүй байсан бөгөөд та бүхнээс хүлцэл өчөе.

Миний хувьд надад тохиосон хамгийн чухал зүйл бол ноднин жил анх удаагаа оролцсон Сэцүбүн их ёслол болоод 7-р сарын Мэшима арал дахь мөргөл байлаа.Энэ бүгдийн тухай энэ номдоо тус тусад нь бичсэн байгаа.Дээрх 2 тохиолын тухай бага зэрэг зүйл ярихыг минь зөвшөөрнө үү.

 Баруунд Сэцүбүн баяртай жишиж болохуйц баяр ёслол байдаггүй билээ.

Номондоо би Оомотогын Сэцүбүн их баяр ёслолыг Христийн шашны Christmas-н баяр болоод Исүсийн дахин мэндэлсний Easter баярыг хамтатган тэмдэглэж буйтай эн зэрэгцэх баяр ёслол хэмээн жишин тайлбарласан байгаа. Christmas бол Исүсийн төрсөн өдрийн баяр бөгөөд, Easter бол загалмайд цовдлуулан Исүсийн дахин мэндэлсний баяр юм.

Христийн шашны итгэл бишрэл гүнзгий бишрэн шүтэгчийн хувьд Easter-н баяр бол нүгэл хилэнцээс ангижрах их ариусгалын утгыг илэрхийлдэг.Энэ нь Оомтогын их ариусгалын ёстой агаар нэг мэт бодогдоно.

Өнгөрөгч оны Сэцүбүн ёслолын үеэр би хоёр дахь удаагаа Вачи-гава гол дээр үйлдэх ёслолд оролцсон юм.Лам хуврагууд хүний гай барцадыг төлөөлүүлэн хийсэн Хито-гата гэх цаасан золигыг голд хаяж урсгах үед хэдийгээр миний хувийн асуудал боловч нэгэн сэтгэл хөдлөм тохиол болсон билээ.Будран орох цасан ширхэгийн адил голын уснаа унах Хито-гатаг ширтэн зогсох үед, намайг энэ хорвоод мэндлэхээс бүүр өмнө тэнгэрийн оронд очсон өвөг эцгийнхээ оршихуйг мэдэрсэн явдал байлаа.

Энэ нь миний хувьд жишин зүйрлэх ижил үгүй мэдрэмж байсан бөгөөд урьд хожид огт мэдэрч байгаагүй зүйл байсан юм.Японд Сэцүбүн их ёслолын төгсгөл үеэр өөрийн уулзаж учирч яваагүй өвөг эцгийнхээ оршихуйг мэдрэх гэдэг нь онцгой сонин учрал бөлгөө.Төсөөлж хэлбэл, өвөг эцгийн хамт энэ ёслолд оролцон, хамтдаа Вачи голын эрэг дээр зогсож буй мэт мэдрэмж төрсөн билээ.

Өөр нэг учрал бол, Мэшима арал дээр зохион явагдсан гүн гүнзгий утга бүхий мөргөлийн үеэр болсон явдал юм.Би тэр мөргөлд оролцож буй Оомотогын бишрэн шүтэгч бус анхны хүн бөгөөд, мөн анхны гадаад хүн байсан гэдэг нь эргэлзээгүй билээ.Иймээс би энэхүү арал дээр хөл тавьснаа их хувь тохиол хэмээн бодож явдаг юм.

Мэшима арал дээрх их мөргөлийн өмнө оролцогсод бүгд ариусгалын ёс үйлддэгийг та бүхэн мэдэж буй.Хэрхэн тэр ёсыг үйлддэгийг би мэдэхгүй тул бусад нөхдөөс асуухад тэдний дийлэнх нь, шар айраг болоод сархад хүртэхгүй байх нь зохилтой хэмээсэн юм.

Миний бие угаас сархад зооглож чаддаггүй тул өөр хэрхэн өөрийгөө ариусгах тухай ихэд бодлогоширсоны эцэст нэг зүйл ариусгалын арга өөртөө бодож олов.

Яг үнэнээ хэлэхэд би шоколад идэх их дуртай бөгөөд энэ нь бичгийн буюу оюуны хөдөлмөр хийж байх үед надад туйлын хэрэгтэй зүйлийн нэг байлаа.Заримдаа бүр өөрийн мэдэлгүй хэтрүүлэн зооглож орхидог байв.Ингээд би Мэшима аралд зохион явагдах их мөргөлд зориулан биеэ ариусгахын тулд 3-н долоо хоногын турш шоколад идэхээ болих шийдвэр гаргасан бөгөөд энэ нь өөртөө хэтэрхий чангадсан зүйл байлаа.

Улмаар Мэшима арал дахь мөргөл дуусаж, гадаад харилцааны албаны өрөөндөө буцаж иртэл миний ширээн дээр гоёмсог хайрцаг бүхий гайхамшигт амттай шоколад тавьсан байлаа.Энэ бол тэргүүн хатагтайн зүгээс надад илгээсэн сэтгэл байсан.

Мэшима бол бие мах бодийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч аз сорьсон зүйл байсан.Тэр ёслолд оролцсон хүмүүн бол ингэж хэлэхийн утга учрыг сайтар ойлгож буй хэмээн бодож байна.Тэнд далайн давалгаа нь догшин хийгээд аралд хүрэх зам хэт эрсдэлтэй байсан хэдий ч бүгд эсэн мэнд харьж ирсэн билээ.Үүгээр дамжуулан эхлэлээс төгсгөл хүртэлх хугацаанд бурхны хайр ивгээлд багтаж байсан гэдэгтээ гүн итгэсэн билээ.

Эцэст нь ном бичиж байх хугацаандаа миний итгэсэн бурханы өөр бас нэг ивгээл хамгааллын тухай энд өгүүлэхийг хүсэж байна.

3 сарын 11-ний өдрөөс 10-р сарын эхэн хүртэлх хугацаанд бараг бүхий л өдөр би үзэг цаастай нөхөрлөж байлаа.Дээрх хугацаанд 5-н өдрийн турш бичгийн ажил хийж чадахгүй өдөр байсан.Гэсэн хэдий ч би тэр өдрүүдэд бусад зүйлсээ эмхлэн цэгцэлэж, мөн номонд шаардлагатай гэрэл зургыг хальснаа буулгаж байсан юм.

Заримдаа бүр өөрийн бичиж туурьвиж буй зүйлээ огт ойлгохоо байх үе ч байлаа.Гэсэн хэдий ч компютерийн өмнө суумагц миний хуруунууд өөрийн эрхгүй хөдлөөд байх сонирхолтой зүйлийг мэдэрсэн юм.

Энгийн үед бол би бичиж чадахгүй гэхээсээ илүүтэйгээр хэтэрхий их бичиж орхидог гэсэн дутагдалтай нэгэн билээ.

Энэ нь бурханы ивгээлд оршиж буй гэдгийн баталгаа юм.Ядарсан үед уур хүрч, бичих хүсэл огт төрөхгүй үе ч байсан.Гэлээ ч гэсэн компютерийн өмнө суумагц үл мэдэгдэх нууцлаг хүч, магадгүй миний оюун санаанаас хэт өндөр түвшний зүйл намайг тэтгэн дэмжих мэт сэтгэгдэл хэд хэдэн удаа тохиосон билээ.

Энэ нь миний хувьд агуу мэдрэмж байлаа.Зарим үед бурхан, миний өөрийн оюун санааны хувьд хийж чадашгүй зүйлийг ч надаар хийлгэсэн билээ.Би одоо ч үүнд итгэж байгаа.Оомотогын бишрэн шүтэгчдийн сүсэг бишрэл, хариуцлага, бурханаас хүлээсэн үүрэг, түүнийг мэдрэх мэдрэмж зэрэг нь надад эрч хүчийг бэлэглэсэн хэмээн боддог.

Энэ ном цаашдаа урт удаан хугацааны туршид Оомотод хэрэг тусаа өгөх болтугай хэмээн хүсэж байна.Зохиогчын хувьд илүү олон тооны салбар төв болоод бурханы гэрээр айлчилан, илүү олон хүмүүнээс ярилцлага авсан бол хэмээн бодном.

Цаашдаа би энэхүү үйлээ үргэлжлүүлэн, орон нутгийн олон салбар төвөөр айлчилан, илүү олон бишрэн шүтэгчидээс ярилцлага сурвалжилага авая хэмээн бодож байгаа.5-н жил, магадгүй 10-н жилийн дараа дараагын хэвлэл гарах ч юум билүү.

Би нийт 30 гаруй жилийн турш сонин сэтгүүл, хэвлэлийн газарт ажиллан, өнөөгийн нийгэмд өрнөж буй том хэмжээний олон зйүлийн тухай бичиж нийтэлснийг та бүхэн нэгэнтээ мэдэж буй билээ.

Гэсэн хэдий ч урьдны ажлууд нь энэ удаагын Оомотогын тухай бичих ажилтай зүйрлэшгүй өчүүхэн зүйл байсан.Энэ удаагын номын ажил бол миний хувьд, хэвлэн нийтлэгчийн хувьд, хамгийн төгс төгөлдөрт ойртуулсан бүтээл бөгөөд энэхүү завшааныг надад олгосонд туйлын гүн талархал илэрхийлж байна.

Бас нэг гуйлт байна.Бид энэ номоо япон болон эсперанто хэлээр бас орчуулан гаргахыг хүсэж байгаа болно.Тиймээс энэ номоос олох ашиг нь дараагын хэвлэлийн ажилд зарцуулагдах болно.

Энэ үдэш Чёо-сэй-дэн хийдийн Камэно-ма (Яст мэлхийн өргөө)-нд энэ номын анхны худалдаа болоод гарын үсэг зурах уулзалт зохион явагдана.Та бүхний нэлээдгүй хэсэг нь англи хэлээр ойлгож чадахгүй хэдий ч ярилцлагын эхэнд дурдсаны дагуу 500 гаруй гэрэл зураг нийтлэгдсэн байгаа тул эдгээр зургийг үзэхийг хүсэж байгаа болно.

Номын үнэ 3000 иен тул та бүхнийг худалдан авч, цаашид эсперанто болон япон хэлээр орчуулагдан гарах хэвлэлд хөрөнгө оруулахыг уриалж байна.

Энэ өдрийн Сэцүбүн их ёслолын өмнө та бүхэнтэй мэндчилэн, ярилцах завшаан олгосонд дахин талархал илэрхийлэе.Ирэх жил дахин энэ ёслолд оролцож, хамтдаа мөргөл үйлдэхийг хүсэмжилэхийн зэрэгцээ цаашид Оомототой урт удаан хугацааны туршид үерхэж нөхөрлөхийг туйлаас хүсэж байгаа болно.

Та бүхний хичээн зүтгэж буй шашин хоорондын ойлголцолыг хөгжүүлэх үйлс болоод даян дэлхийн нийт ард түмэнд илгээж буй энх тайвны уриалга, хүмүүний дотоод ертөнцийг өнгөлөгч урлагыг хөгжүүлэхийн төлөөх үйлс нь зэрэг нь ороо бусгаа 21-р зууны хувьд туйлын чухаг зүйл хэмээн миний бие хатуу итгэдэг билээ.

(2006 оны 2 сарын 3 өдөр, Оомото Сэцүбүн ёслолын өмнөх ярилцлага)

© 2008 OOMOTO. All rights reserved.