おほもと Oomoto

Оомотогоос илгээсэн захидал:

Сүнсний ертөнцийн тайлал судрыг улс даяар бүрэн уншиж танилцах цуглаанд оролцоод....

Билл Робетс

Жил бүрийн 10-н сарын 18-ний өдрийн шөнө, Оомотогын бишрэн шүтэгчид Оомотог үндэслэгч их багш Дэгүчи Онисабүро гэгээнтний туурьвалыг уншихаар цугладаг билээ.Энэ үйл ажиллагаа нь европ хүний өөр бусад газарт оролцож болох энэ мэт ижил төстөй үйл ажиллагаанаас тэс өөр билээ.Бүх хүн өөр хоорондоо ижилгүй хэсгийг нэгэн зэрэг чанга дуугаар уншдагт учир нь оршино.Азаар надад энэхүү үйл ажиллагаанд 2001 онд өөрийн биеэр оролцох завшаан тохиосон юм.Тэр жил бол энэхүү туурьвалыг Онисабүро гэгээнтэн өөрөө айлдсаны 80-н жилийн ой байлаа.

写真

Юуны түрүүнд энэхүү ёсын тухай бага зэрэг өгүүлэе.Оомото бол 「Агуу ундрага」 хэмээн орчуулагдах бөгөөд Шинто шашин үүссэн Япон улсын хөрс шороонд үндэслэсэн шашин болно.Шинто нь эх байгалийг тахин шүтэх эртний сүсэг бишрэл хийгээд түүний бодит илрэлийн цуглуулга юм.Оомотогын шашны зан үйл нь шинтогын тэрхүү үйлээс улбаатай.Гэсэн хэдий ч Шинто нь олон бурхант шашин байтал Оомото нь бүх шашин нэгэн эх язгууртай хэмэээн тайлбарлаж, мөн чанартаа бүх бурхад угын бурханаас салбарлан буусан хэмээн сургадаг.Түүнчилэн Оомото нь 「Бурхан болтүмэн бодист орших хэзээ ч үл хувирах сүнс」 хэмээн бас тайлбарладаг.

1892 онд, туйлын ядуу амьдралтай, бичиг үсэг үл мэдэх нэгэн ядарсан эмгэн Дэгүчи Нао Оомотог үүсгэн байгуулах учиг болох бөгөөд сүнсний ер бус оршлыг биеэр мэдэрнэ. 1898 он, бичиг үсэг тайлагдсан хэдий ч туйлын ядуу амьдралт тариачин Онисабүро өөрийн биеэр шашны ер бусын хүчийг мэдэрдэг.Энэхүү тэдний биеэр мэдэрсэн зүйлс нь, судлаачдын тэмдэглэн үлдээснээс харахад төв азийн төв бүс нутагт орших Бөөгийн шашинтай олон талаар төстөй билээ.Онисабүрогын шашны мэдрэмж нь Наогын хүүрнэх зүйлтэй ижил төстөй бөгөөд, тэдний зөгнөл нь заримдаа давхцаж байлаа.Улмаар цагын аясаар Нао хийгээд Онисабүро нар учрах бөгөөд Оомотогын үүсэл, цаашдын хөгжилд хамтран зүтгэдэг.

25-н жилийн дараа буюу 1821 оны 10 сарын 18 өдөр, Дэгүчи Онисабүро хэд хэдэн түргэн бичээчийг тойруулан бурханы дуу хоолойгоор хүүрнэж эхэлдэг.Энэ нь 81-н боть, нийт 200,000-н хуудас бүхий туурьвилын эхлэл байлаа.1921 оноос 1926 он хүртэл, мөн дахин 1933он, 1934 онд тус тус бурханы дуу хоолойгоор бурханы сургаалыг айлдах бөгөөд түүний эргэн тойронд нийт 5-н түргэн бичээч байнга байсан гэдэг.Яг тэр он цагт Оомото нь тухайн үеийн засгийн газраас явуулсан хэлмэгдэлд өртсөн тул, нийтийн дунд онцгойрхоос зайлсхийн, дээрх аргыг хэрэглэсэн байх магадлалтай.Энэхүү номын нэрийг Рэйкай моногатари буюу Сүнсний ертөнцийн тайлал хэмээн нэрлэсэн байдаг.

Тэрхүү бурханы дуу хоолойгоор айлдвар айлдаж эхэлсэн эхний өдөр буюу 10 сарын 18 өдөр, Оомотогын бишрэн шүтэгчид Камэ-Ока дахь Оомотогын төвийн бурханы өргөөнд тусгай зан үйлийг гүйцэлдүүлдэг.20-н минут орчим шашны ёс гүйцэтгэсний дараа тэрхүү ёслолд оролцогсод тус тусдаа Рэйкай моногатари буюу Сүнсний ертөнцийн тайлал номыг гартаа барьж, тогтсон цагт бүгд нэгэн зэрэг чанга дуугаар дуудах бөгөөд, 30-н минутын дараа нэгэн зэрэг дуусгавар болгодог.Ирж оролцох боломжгүй бишрэн шүтэгчдийн хувьд өөр өөрсдийн орон нутаг дахь Оомотогын салбар хийд дацанд цугларан, Камэ-Окатай ижил нэг цагт эхлэн ижил нэг цагт дуусгадаг ёстой.

Сүнсний ертөнцийн тайлалын англи хэл дээр орчуулагдсан хэсэг нь цөөхөн байдаг бөгөөд түүнийг хамт ажилдаг япон найз маань надад үзүүлсэн юм.Уг ёслол дээр миний эргэн тойронд байх бишрэн шүтэгчид бүгд Япон хүмүүс тул бүгд эх хэлээрээ унших бөгөөд гагцхүү энэ ёслолд оролцож буй ганц гадаад хүн тул би ганцаараа англи хэлээр, чанга дуугаар уншиж байлаа.Ёслолын дараа Онисабүро гэгээнтний ач хүү болох Дэгүчи Кёотаро гуай надад өвөг эцгийнхээ тухайх дурдатгалаасаа хуваалцсан билээ.

Рэйкай моногатари буюу Сүнсний ертөнцийн тайлалын эхлэл хэсэг нь туйлын цочирдмоор зүйлийг өгүүлэх бөгөөд Дантэгийн 「Бурханы дуулал」-тай агаар ижил бөлгөө.Тамын ертөнц, зуурдын ертөнц, диваажин, Карлос, Кастенада зэргийг эргэн санах хүн ч бас байх буйзаа.Онисабүро гэгээнтэн хар тамхи хэргэлдэггүй хэдий ч тийм сэтгэгдэл төрүүлмүй.Тэрээр Камэ-Ока дахь Така-күма уулнаа бясалгал үйлдэх үедээ сүнсний ертөнцөд залран, олон олон зүйлийг өөрийн биеэр мэдэрдэг.Миний уншсан тэр хэсэг бол Дантэгийн тамын ертөнцийн тухайх хэсэгтэй ижилхэн санагдаж байлаа.Тэнгэрийн элч Онисабүрог доод тивд газарчилах бөгөөд тэрээр тусгай даавуугаар биеэ ороож, бурханы шидэт таяг гартаа барьж, ад зэтгэрээс өөрийн биеэ хараалын уншлагаар хамгаалах бөлгөө.Энэ хэсгээс цөөхөн хэдэн мөрийг дор дурдая.

(Анхааруулга: Таны дотор муухайрахгүй байхыг хүсэе)

Олон охид хүүхнүүд цусаар бөөлжин, жадаар хэвлийгээ нэвт сүлбүүлэн,чийгийн улаан хорхойн сүрэгт бүх биеийн цусаа шимүүлэн, хорт могой хоолойг нь боон чивчирч, орь дуу тавин орлилдон чарлаж, долоо өнхөрч найм хөлбөрөх бөлгөө.Эрлэгийн элчүүд тэднийг хулсан жадаар толгой түрүүгүй балбан, хаа дайралдсан газраа нэвт сүлбэх нь аймшигтай.Тэдний цус нийлэн хүрхрээ болох бөгөөд шинэ цусны эхүүн үнэр өмхий ханхалж, тэнд нүд халтирам дүр зураг үзэгдэнэ.Онисабүро нүса гэх шашны зан үйлийн зэмсгийг зүүн баруун зүүн хэмээн гурвантаа зангасны дараа дээрх нүд халтирам дүр зураг хөшгөө хааж, түрүүний охид хүүхнүүд нулимсаа цувруулсаар цугларч, зарим нь бүүр түүний биед нүүрээ наан баярласандаа цурхиран уйлах бөлгөө.(1-р боть 11-р хэсэг)

Дээрх хэсгийг уншаад, Онисабүрогын өгүүлэх ертөнц болоод Дантэгийн өгүүлэх ертөнцийн өөр хоорондоо ижилгүй нэгэн зүйлийг би анзаарсан билээ.Энэ нь, Дантэ бол зөвхөн ажиглагч,сонирхогч байсан бөгөөл өөрийн аяласан аялалын туршид тэрээр хэнд ч үл тусална.Онисабүрогын хувьд бол дээрх хэсэгт дурдсаны адилаар олон хүмүүнд өөрийн эрдэм чадлаар туслах бөлгөө.Өөр бас нэг тал нь, Дантэгийн бүтээлд гарах хүчтэй нэгэн зүйл нь улс төрийн тухайх ойлголт бөгөөд, түүний тамын ертөнцөд үзэж харсан зүйл нь Италийн түүхэнд бодитоор орших улс төрийн нүгэлт намтай зүйрлэн, жишээ авсан байдаг.Онисабүрогын хувьд би түүний бүтээлийн өчүүхэн хэсгийг уншсан хэдий ч, энэ ертөнцийн түүхэнд нэр дуурсагдах бодит хүн гарч ирдэггүй бөгөөд, огторгуйн орон зайд орших бурхадын тухай өгүүлсэн байдаг хэмээн ойлгосон.

Гэсэн хэдий ч, дээрх бүтээлийн миний уншсан хэсэгт тансаг хийгээд төгөлдөр цогцлож байлаа.Жишээлэхэд, Онисабүро доод тивийн эзэн хааны өмнө, өөд болсон сүнс сүүлийн шийдвэрийг хүлээж буйтай учирдаг.Тэр үед Онисабүро, хүний ертөнцийн мөрдөх хууль дүрмээс харьцангуй энэрэнгүй, нийгүүлсэнгүйгээр асуудлыг шийдэж, шийдвэр гаргадагыг хөндлөнгөөс харж баясан байх бөлгөө.Тэр үед түүнийг сүнсний ертөнцөд газарчилагч этгээд түүнд, энэ ертөнцөд мэдүүлэг өгөх, эсвэл давж заалдах гэх мэт зүйл огт шаардлагагүй байдаг хэмээн түүнд тайлбарлав.Учир нь энэ ертөнцийн хаан бол тэдний хийсэн үйл, ямар гавьяа шийтгэл ноогдохыг бүгдийг үнэн зөвөөр ойлгож, мэдэж байдагт оршино.Энэ хэсгийн Онисабүрогын өгүүлэмж нь үнэхээрийн төгс тансаг зүйлсээр бялхан байлаа.

Улмаар шашин хийгээд түүний сургаалын дотоод ертөнцийн чухал зүйлийг Рэйкай моногатари буюу Сүнсний ертөнцийн тайлал өөртөө агуулж буйг би хэлж үл чадах ч, гүн ухааны уран зохиолын агуу бүтээл хэмээн бодном.

2001 он 10 сарын 18 өдөр.Камэ-ока хот Тэн-он-кёо Бан-шёо-дэн хийд.

© 2008 OOMOTO. All rights reserved.