おほもと Oomoto

Дэлхийн энх тайван? Япон үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүний тухай бодолхийлэх нь

Хамба лам ч мөн шашин хоорондын олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийн тухай өгүүлж буй.

Билл Робетс

Киотогын эртний түүхт хийдийн хамба нарын нэг Такэүчи Мицүёши гэгээнтэн хэлэхдээ, Японы уламжлалт цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн үндэстэн ястан, ард түмний суралцах ёстой зүйл оршин буй хэмээн хэлж байна.Цэцэрлэгт хүрээлэнгийн мод бут, чулуу шороо, хүрхрээ ус гээд тэнд орших түмэн бодис зайлшгүй учир шалтгааны улмаас оршин буй.Тэд харилцан бие биедээ шүтэн барилдаж, уусан зохицож гэмээ нь сая төгс цогцоо олдог.Тэрээр нэмж хэлэхдээ「Дэлхий нийтээрээ эндээс суралцах зүйл их бөгөөд, энэхүү цогцол нь харилцан нэгнээсээ хамааран, уусан зохицож буйн адилаар дэлхий нийт ч мөн бие биетэйгээ уусан зохицож аж төрөх учиртай」 хэмээсэн билээ.

Энэ нь түүний олон жил Камовакэ Иказүчи (шинто шашны)хийдийн тэргүүн хамбаар ажилласан туршлага хийгээд, шашин хоорондын олон улсын олон үйл ажиллагаанд оролцож байсны хувьд эдгээрээс түүний өөрийн олж авсан мэдлэг болно.Энэ хийд нь эртний Эсэ хийдийн дараа орохуйц түүх намтартай бөгөөд, Такэ Үчи хамба хэлэхдээ, Шинто шашны үндсэн сургааль нь энх тайван хийгээд шүтэн барилдах ёс болно хэмээгээд「түүний гол цөм нь даян дэлхийд энх тайвныг цогцлоох үйл бөгөөд, хүмүүн тус бүр харилцан ойлголцож, харилцан хүндлэлцэж, бие биедээ уусан зохицох нь энх тайвныг бодитоор цогцлоох учиг, мөн дэлхий ертөнц өөрөө нэг нэг цэцэрлэгт хүрээлэн」 хэмээсэн байдаг.

Камигамо хийд нь өөрөө цэцэрлэгт хүрээлэн бөгөөд туйлын үзэсгэлэнтэй ба туйлын том юм. Японы нийслэлийг Киотод шилжүүлсэн 794-н оны үеээс уг хийдийн түүх намтар эхлэх тул Киотогын маш эртний хийдэд зүй ёсоор тооцогдоно.Киотогын хойд биед, олны хөл хөдөлгөөнөөс зайдуу, нам гүм газарт ой модоор хучигдсан жижиг уул толгодын дунд Камигамо хийд байрлах бөгөөд үүнээс эрт цагт анх бурхан залахдаа бүүр уулын гүнд байрлаж байсан гэдэг.Цэцэрлэгт хүрээлэнд тунгалаг уст горхи хоржигнон урсах 10-р сарын сүүлч, сэрүү татсан өглөө байсан бөгөөд моддын навчис цагын аясаар өнгө сүлэлдэн хувирах тэр үеэр би Такэүчи хамбад бараалхсан билээ.Хамбатай уг хийдийн захиргааны албаны нэг өрөөнд орчуулагчаар дамжуулан ярилцсан юм.Тэрээр өндөр нуруутай,мөн ихэд дэг жаягтай нэгэн байсан бөгөөд, үе үе аажим дөлгөөн дүрийг үзүүлэн

Оомототой ижил төстөй үзэл бодол

Энх тайван хийгээд шүтэн барилдлагын тухай хүүрнэх Такэүчи хамбын ярианаас түүнийг Оомототой адилхан өнцгөөс дэлхий ертөнцийг харж буйг мэдэж болно.Оомото нь гүн гүнзгийгээр шинто шашны үзэлд үндэслэсэн байдаг.Орчин цагын Японы соёл хийгээд түүний үнэ цэнэ, оюун санаа, шашинлаг чанар зэрэгт агуу ихээр нөлөөлөх шинто шашинд үндэслэсэн байдаг билээ.

Гэсэн хэдий ч Оомотогоос өөр нэг тал нь, Шинто шашины Жинжя-д сургааль хийгээд номлол, мөн дэг жаяг хэмээх зүйл байдагггүй хэмээн тэрээр өгүүлнэ.「Шинтогын мөн чанар бол, ариун дагшин газарт очиж мөргөн залбирч, өөрийн сүнсээ мэдрэх」 үйл хэмээн Такэүчи гуай тайлбарлав. Жинжя хэмээх шинтогын энэхүү урсгалын үзэл нь дээрх утгаараа үнэхээр чухал юм.Нийт Япон улсын хэмжээнд зуун мянга гаруй байх Жинжя нь бүгд бурханы сүнсийг тахин залсан байдаг.Бурханы сүнс нь, бурхан оршсон дагшин уул, бурхан заларсан удган мод зэрэг байх бөгөөд, тухайн орон нутагтай гүн гүнзгий утга учир, түүхээр холбогдсон чухаг сүнс бөлгөө.Бүх Жинжя-д мөргөл хийгээд бясалгалд зориулсан нам гүн залбиралын орон зай байх агаад мөн цэцэрлэгт хүрээлэн байдаг.「Жинжя-д ирснээр хүмүүн нь, мөргөл залбиралаар дамжуулан хэрхэн яаж зөв аж төрөх учиртай тухай бодож эргэцүүлэх боломжыг олдог.Сургааль болоод номлол, мөн шашны өөр ямар нэгэн болзол байдаггүй юм.Гэсэн хэдий ч энд гагцхүү бурханы сүнс оршдог」 хэмээн тэрээр өгүүлнэ.

Түүхээс харахад Японы арал дээр аж төрж ирсэн газар тариалан эрхлэх олон үндэстэн ястны итгэл сүсэг, зан заншлаас Шинто шашин үүссэн билээ.Тэдгээр итгэл сүсэг хийгээд зан заншил нь эртний домгоос улбаатай бөгөөд, 4000-н жилийн тэртээ үүсэн, эдүгээг хүртэл хөгжиж ирсэн нэг бурхан төвтөй шашнуудтай харьцуулахад, эсэргээр Америк болоод Африкийн уугуул оршин суугчдын итгэл сүсэгтэй ижил төстөй зүйлс Шинто-д олон харагддаг.

Уугуул оршин суугчдын эдгээр шашныг 「Ойн шашин」 хэмээн бас хэлдэг.Үүний учир нь эртний хүний амьдрал ой шугуйтай үндсээрээ гүн холбоотой байсанд оршино.Дээрх нэр нь Шинтогын эртний бичигт дурдагдсан байх нь цөөнгүй.Хүн хийгээд эх газар, уул толгод, гол мөрөн, амьтан ургамал зэрэг бүхий л байгаль эх бурхнаас төрсөн хэмээн Японы ард түмэн олон мянган жилийн тэртээгээс итгэж ирсэний илрэл билээ.Эрт цагын хүмүүс, эх байгаль хийгээд тэдний дунд ямар нэгэн ан цав үүсэх учиргүй хэмээн бодож ирсэн юм.Энэхүү үзэл нь орчин цагын Шинто-д ч уламжлагдан ирсэн байдаг.「Мод, чулуу, ус, шороо хийгээд эх газарт бүгдэд нь өөр өөрийн бурхан оршдог」 「Улмаар бид тэдгээр бурхдыг удам дамжин тахин шүтдэг」 хэмээн Такэүчи гуай өгүүлнэ.

Ганц бурхант шашин хийгээд олон бурхант шашин хоорондын гүүр

Эртний ард түмний итгэл сүсэг нь, түмэн бодис бүгд ижил тэнцүү энерги өөртөө агуулж байдаг хэмээх орчин цагын шинжлэх ухааны нээлтийн үндэс суурь нь болсон байх магадлалтай хэмээн европчууд үзэж эхлээд буй.Шинжлэх ухаан нь матери хийгээд, түүнээс ч жижиг зүйлийг нэгэнтээ нээгээд буй бөлгөө.Түмэн бодисын дотоод ертөнцөд өнөөдөр олж нээж чадаагүй энергийн бас нэг төрөл хэлбэр нь хүмүүнийг бүрдүүлэгч, амь олгогч, нүдэнд үл үзэгдэх нуугдмал, өөрөөр хэлбэл бурханы сүнс бодитоор оршин байх магадлалыг хэн үгүйсгэж чадах билээ.Энэ нь Шинтогын бурханыг үзэх үзлийн сонирхолтой бас нэгэн тал хэмээн хэлж болох буйзаа.

Оомото нь, олон бурхант шинто шашин хийгээд еврэйн шашин, христын шашин, исламын хатуу жаягт шашин гэх мэт ганц бурхант шашин хооронд гүүр гарцыг барьж бүтээх магадгүй юм.Үүсгэн байгуулагч Дэгүчи Нао болоод Дэгүчи Онисабүро гэгээнтний сургааль номлолд дээрхийн тухай маш тодорхой өгүүлсэн байдаг.Түмэн бодис нь нэгэн ундрага эхтэй бөгөөд их огторгуйг бүтээгч их бурхны сүнсийг бүгд өөртөө оршоосон байдаг хэмээжээ.

Оомото бол 19-р зууны сүүлийн хагаст Шинто шашнаас үүсэн гарсан орчин цагын шинэ шашны нэг билээ.Эдгээр шинэ үеийн шашнуудыг Кёоха-шинто буюу сургааль номлолт шинто хэмээдэг.Эдгээр нь, Жинжя шинтотой ямар нэгэн хэлбэрээр өрсөлдөх, эсвээс сөргөлдөхийг хүлээн зөвшөөрөхгүй.「Бид өөр өөр өнцгөөс тухайн зүйлийг тайлбарлаж буй бөгөөд,харин тэрхүү өөр гэх онцлогыг харилцан ойлгож, харилцан бие биесээ хүндэтгэнэ」 хэмээн Такэүчи багш хэлж буй.

Гэсэн хэдий ч дандаа ийм байх учиртай хэмээн хэлэх боломжгүй юм.1868 оны Мэйжи-гийн соён гэгээрлийн үеэс эхлээд дэлхийн 2-р дайныг дуусах он цаг хүртэл төөрөгдлийн түнэр харанхуй үе байсан билээ.Эзэн хаан бол бурхан хэмээн тунхаглаж, улсын шинто шашин нь бусдыг адлан, Японы засгийн газар 1920 он болоод 1930 онд Оомото шашны байгууллагыг хэлмэгдүүлсэн юм.Дэлхийн 2-р дайны дараа шинэ үндсэн хууль батлагдан, уг хуулиар төр шашин хоёрыг салгасан ба төрийн шинто шашин нь жинжя шинто болон хувирч, улмаар эдүгээг хүрсэн түүхтэй.

Нэг тэрэгний хоёр хүрд

Дээрх 77-н жилийн түүх нь Шинто шашны хувьд нэг их бахархаад байх цаг хугацаа байгаагүй гэдгийг Такэүчи гуай ч мөн хүлээн зөвшөөрч буй.Афканистаны Талибаны засгийн газар олон зуун жилийн түүхт Буддагын чулуун хөшөөг эвдлэн сүйтгэж самуурч байсныг санагалзахын зэрэгцээ, эзэн хаант Японд ч бурхан Буддагын олон олон дүр эвдлэн сүйтгэгдсэн тухай тэрээр өгүүлэв.

「Шинто нь өөр бусад шашинд нийгүүлсэнгүй ханддаг, гэхдээ 1868 оноос дэлхийн 2-р дайн дуусах хүртлэх он цагаас бусад цаг үед」 хэмээн нэмж өгүүлэв.Тэрээр цааш нь хэлэхдээ 「Өнөөгийн Япон айлд шинто шашны гүнгэрваа болоод Буддын шашны гүнгэрваа байх нь тийм ч их сонирхолтой зүйл биш болсон. Буддын шашин ч шинто шашин ч хүмүүнд сайн сайхныг номлодог.Шинто бол голдуу бурханы зарлиг, түүнийг биелүүлэх алтан хором, тухай тухайн цаг үеийг хайрлан нандигнахыг сургадаг бол Буддын шашин нь энэ нас дуусгавар болсны дараах буюу хойтын тухай номлодог」「Шинто шашин нь Японы арлаас хальж дэлгэрээгүй Учир юу гэвээс шашнаа дэлгэрүүлэх үйл хийдэггүйд оршино.Хүмүүнийг шашинд элсүүлэх үйл эрхэлдэггүй.Цаашдаа ч хийхгүй буйзаа」 хэмээн тэрээр итгэж буй.Шинто шашны хувьд, нийгүүлсэнгүй үзэл, шүтэн барилдлага, хайр хүндлэлийн тухай номлодог эрхэм онцлогтой хэмээн тэрээр итгэнэ.Тиймээс 30-н жилийн тэртээ тэргүүн хамба гэдэг албыг хаших болсон цагаас эдүгээг хүртэл шашин хоорондын олон олон арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн билээ.

Эдгээр арга хэмжээний нэг нь Дэлхийн бурхан шажинтны энх тайвны их хурал билээ.Энэхүү нэгдэлд Шинто, Будда, Христ, Ислам зэрэг шашны тэргүүд, удирдагчид нэгдсэн байдаг.「Бид шашин хоорондын ялгаа гэх хана хэрмийг даван туулахын төлөөх харилцан ойлголцлын төлөө хуран цугладаг.Шинто шашин нь, шашин хоорондоо ойлголцон, улмаар биесээ хүндлэх, эв хамтаар зэрэгцэн орших саналыг дэвшүүлдэг.Энэхүү үзэл нь өнөөгийн энэ дэлхий ертөнцөд өрнөж буй дайн дажинг зогсооход их хувь нэмэр оруулна хэмээн боддог」 гэж тэр өгүүлж байна.

Нэг бурхант шашны хуучныг баримтлагчид нь өөрсдийн бурханы туйлын гэдгийг батлахын тулд тероризм хэмээх зүйлийг хэрэглэх өнөөгийн бусармаг цаг үе дор, Шинто хийгээд Оомото шиг салбар шашнууд энэрэн нийгүүлсэхүйн уриалгыг нийт бурхан шашинтнуудад илгээж буй.Өнө эртний энэхүү итгэл сүсэг нь дэлхий нийтийн энх тайвны төлөөх үйлсэд урьд урьдныхаас илүүтэйгээр хэрэгтэй болж байна.


Камигамо хийдийн тэргүүн хамба Такэүчи Мицүёши болон Билл Робертс

Тэргүүн хамба Такэүчи Мицүёши гуай Камигамо хийдийн үүдэнд

Камигамо хийдийн төв хаалга

Камигамо хийд дундуур урсах ариун булаг

Камигамо хийдийн хашаан дотор цэцэрлэгт хүрээлэн мэт

Камигамо хийд дэхь мөнгөн анзү мод

Хийдийн төв хаалга

Бурхан орших уулын билэгдэл болсон элсэн толгой

Камигамо хийдийн дацан
© 2008 OOMOTO. All rights reserved.