Сайн байна уу? Оомотод дахин зочлох болсондоо миний бие туйлын их баярлаж байна.Урьд өмнө сакүра цэцэглэх улирлаар хэд хэдэн удаа ирж байсан хэдий ч саяхнаас Японы гайхамшигт намрын улиралаар Оомотогийн Сэцүбүн их баярт оролцохоор ирэх сайхан тохиол учирлаа.Гэсэн хэдий ч энэ удаа Сэцүбүн их баярт анх удаа өөрийн биеэр оролцож байгаа нь миний хувьд зүүд мэт сайхан санагдаж байна.Нэмж хэлэхэд энэ удаа өөрийн охин Кясалинтай хамт ирсэн.
Охин Кяасалин маань одоо Нью-Иорк хотын Колумбын их сургуулийн урлаг соёлын боловсролын докторын цол хамгаалах ажил бичиж байгаа.Миний охины энэхүү онцлог сонирхолыг та бүхэн ойлгон болгооно хэмээн бодож байна.Ээж охин хоёр хамтдаа энэ гайхамшигт боломжийг олгож өгсөн та бүхэндээ сэтгэлийн гүнээс дахин талархал илэрхийлэе.
1950 оны үед, миний бие Азийн соёлын талаар ямар ч мэдлэггүй оюутан байлаа.Дэлхийн 2-р дайны дуулиан ч он цагын эргэлтэнд ард хоцрон бүдгэрсээр.Япон улс ч алс холд орших бурханлаг улс гэхээс өөр төсөөлөлгүй, мөн тэр улстай миний бие ямар нэгэн холбоо огт байсангүй.
Тэр үед би дургүйцэн дургүйцэн шаазан урлагт суралцаж байлаа.Ингэж хэлэхийн учир нь урлагын сургуулийн боловсрол олгох хичээлийн хувиарт шаазан урлаг нь заавал сургах ёстой нэг салбар хичээл байсан юм.Тухайн үеийн Америкт шаазангын урлаг нь уйтгартай бөгөөд огт сонирхолгүй салбар байсан билээ.Аж үйлдвэрлэлийн хөгжлийг даган бүх зүйл үйлдвэрт үйлдвэрлэгдэн, нэг хэв загвагт хашигдсан үе байсан.
Гэсэн хэдий ч аз завшаантай нэгэн тохиол боллоо. Хоёр жилийн турш Англи улсад Бернард Лич (Bernard Leach) багшийн удирдлага дор ажилласан Варен Макензи (Warren MacKenzie) гэдэг багш манай сургуульд ирсэн явдал байлаа.Тэрээр Бернард Лич болоод Японы шаазан урлалын мастер 3-н хүний Япон улсад өрнүүлсэн хөдөлгөөний тухай бидэнд ярьж өгсөн юм.Тэр 3-н мастер гэдэг нь Хамада Шёожи, Томимото Кэнкичи, Каваи Кэнжиро нар байсан юм. Макензи багш тэдгээрийн хөдөлгөөний тухай бидэнд ярьж өгсөн билээ.Хэдэн эринийг дамжин хөгжиж ирсэн Японы уламжилалт шаазан урлаг аж үйлдвэржилт хөгжихийн хэрээр устан үгүй болох аюул нүүрлэсэн тул уламжилалт урлагыг аврах хөдөлгөөн байсан юм.
Варен Макензи багшаас Японы уламжилалт шаазан урлагын ариун тунгалаг чанарын тухай суралцахын зэрэгцээ, аажмаар шаазан болоод түүний нууцлаг хүчинд өөрийн эрхгүй татагдан дурласан билээ.Шаазан ямар байх ёстой, урлаг болоод түүний боловсролын түвшин дэхь оюун санаа гэж юуг хэлэх тухай зэрэг олон зүйлийг гүнзгий эргэцүүлэн бодох болсон.Гэсэн хэдий ч 1970 оны дунд үе хүртэл би өөрөө Японы газар нутагт хөл тавина хэмээн зүүдэндээ ч бодоогүй юм.
Би нэгэн үе Санфранциско хотын Грэйс ариун сүмд (Grace Cathedral) очсон билээ.Тэр үед Рожерс (Dean Rodgers) хамба намайг урлаг хийгээд түүний оюуныг тэжээгч боловсролын талаар сонирхолтойг мэдэж байсан тул надад Фрэдрик Франк (Frederick Franck) эрдэмтний Оомото-той учирсан түүх хэмээх номыг үзүүлсэн юм.Хамбатан айлдахдаа Япон улсаас Оомото гэдэг гайхамшигтай байгууллагаас манай сүмд айлчилан ирж, шинто шашны ёслол үйлдэн, үндэснийхээ уламжилалт урлагын үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсан тухай ярьж өгсөн билээ.Тэрхүү яриаг сонсоод миний сэтгэл ихэд хөдлөн баяссан юм.Тэр үед л би энэ Оомото бол миний заавал очих ёстой газар байна гэж бат итгэсэн билээ.
Америкийн сурган хүмүүжүүлэгчийн хувьд урлаг нь хүмүүний дээд оюун санааны төлөө оршдог гэж итгэдэг нь ганц би биш юм байна гэдгийг ойлгож авсан юм.Өнөөндөр бодитоор надтай адилхан сэтгэж, түүнийгээ бодит үйл хөдлөлд шилжүүлэгч хүмүүс байгааг мэдсэн билээ. Эрдэмтэн Франк гуайн номыг уншиж дуусмагц Оомото тийш тэмүүлэх сэтгэл улам бүр нэмэгдсэн юм.Миний дотоод оюун сэтгэлд аль хэдийн буцаах боломжгүй хэмжээнд ямар нэгэн чухал зүйл үүсэн бий болоод байгааг мэдэрч байлаа.Үүний дараах шат бол Япон улсад зорчих явдал байлаа.
Улмаар би Оомотод ирсэн бөгөөд тэр үед Танака гуай намайг газарчилсан юм.Бурханы цэцэрлэгт хүрээлэн, мөн эртний шаазан эдлэл шатаах зуух, түүнчилэн Онисабүро гэгээнтний гараар бүтсэн шаазан аяга гэх мэт олон сайхан зүйлсийг үзүүлсэн билээ.Би тэрхүү шаазан аяганы үзэсгэлэн төгөлдөр байдал, түүнд оноосон нэрийн гайхамшигт зохицол, зүйрлэх ижил үгүй тансаг, чөлөөт дүр төрхөд өөрийн эрхгүй сэтгэл булаалгасан юм.Өнөөдрийг болтол үзэж харж байгаагүй гайхамшигт зүйл байлаа.Тэр өдрийн орой би Танака гуайд дахиад Оомотод ирж болох уу гэж асуухад тэрээр зөвшөөрсөн билээ.
Түүнээс хэдэн жилийн дараа 1985 онд Оомото зохион байгуулсан зөвлөгөөнд би оролцсон юм.Тэр үеийн туршлагаас урлаг хийгээд оюун санааны дэвшил хоорондын хэлхээс, түүний бодит биелэлийн тухай миний ойлголт илүү гүнзгийрсэн юм.Түүнээс хойш урлаг, бийрийн уран бичлэг, цайны урлаг, Но-бүжиг, бие хамгаалах урлаг бүгд л миний мах цусны тасархай болсон билээ.
Миний гэр бүл, найз нөхөд, оюутан сурагчдыг Оомотод урих болсонд дахин та бүхэндээ талархал илэрхийлэхийг хүсэж байна.Бид бүгд Оомотогын зорилго, үйл хэргийн өрнөл, түүний амжилтыг хүсэмжилнэ.Цаашид ч Оомото болоод бидний нөхөрлөл улам бүр гүнзгийрч, урлаг соёлоор дамжуулан, та бидний нэгдмэл зорилго болох энх тайвныг бодитоор цогцлоохыг хүсэж байна.Урлаг хийгээд түүгээр дамжуулан хүмүүн тус бүрийн дотоод оюунд энх тайвныг цогцлоон, улмаар энэ нь даян дэлхийн энх тайвны үйлс болон өргөжин тэлэхийг хүсэж байна.
Эцэст нь, Америк улсын нэг иргэний хувьд, тэр тусмаа дэлхий нийтийг хамарсан дайн тулаан, тероризм нүүрлэсэн өнөөгийн бусармаг ертөнцийг хүмүүний оюун санааг өнгөлөн ариусгагч аугаа их урлаг, түүний бодит оршлын төлөөх туйлын үзлээр гэтлэн гарцгаая.Улмаар энэхүү туйлын үзлийг бусдад түгээж, урлагын агуу их увьдисаар хүмүүн тус бүрийг даян дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмэрээ оруулах үйлст татан оруулья.
Анхаарал тавьсанд баярлалаа.
E-mail: