おほもと Oomoto


Оомотогын замналаар баярлан замнана.


Чимэдцэрэнгийн Энхээ (Монгол)

2007 оны 9 сарын 2 өдөр. Бай-шёо-эн хийдийн Цүки-нами баярын мэндчилгээ

Оомотогын эрхэм хүндэт бишрэн шүтэгчидээ.

Миний хувьд Япон улс бол энэ ертөнц дээрх хамгийн их мөрөөдөж хүндэлж явдаг улсын нэг нь билээ.Би бага балчир байхаасаа л Япон улсыг 「Утга учир бүхий улс」 хэмээн төсөөлөн боддог байлаа.Өдгөөгөөс 2 жилийн өмнө анх удаа Япон улсад айлчилах аз надад тохиосон бөгөөд тэр үед би Оомотод 3-н хоногыг өнгөрөөсөн юм.

Оомотогын нэр болоод үйл ажиллагааны тухай, Оомотогын эсперанто холбоо Монголын эсперанто холбооны хамтын ажиллагааны тухай Монголын ахмад эсперанточ эдүгээ тэнгэрт хальсан Догсүрэнгийн Чимэд багшаар, мөн эсперанто хэлээр дамжуулан 1990 оноос хойш миний бие мэдэж байсан билээ.

写真

Тэр үед Оомотогын сургааль номлолын тухай анх мэдэж, ихэд гайхан бишрэхийн зэрэгцээ надад гүнзгий сэтгэгдэл үлдсэн юм.Эргэн дурсахад тэр үеийн Оомотод айлчилсан айлчлал нь хожмоо Оомотогын албан ёсны бишрэн шүтэгч болохоор анкет бөглөх хүртэлх үйлийг хөдөлгөгч хүч нь болсон гэж бодогдоно.

Оомото нь үүсэн бий болсон цагаасаа эдүгээг хүртэл даян дэлхийн энх тайвны төлөөх үйлс, шашин хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцолын төлөөх үйл хэргийн төлөө шаргуу ажиллан, өнөөдөр ч тэргүүлэх эгнээнд явсаар байгаа.Харамсалтай нь өнөөгийн ертөнцөд та бүхний харж байгаачилан муу муухай, бусрангуй зүйлс хэрээс хэтэрсэн хэмжээгээр өрнөж байна.Мөн том жижиг дайн дажин, мөргөлдөөн тулаан, алан хядлага, эзлэн түрэмгийлэл гэх мэт нь шашин хоорондын ялгаварлан гадуурхах үзэл хийгээд буруу ташаа ойлголтоос үүдэн гарч, улс гүрэн, үндэстэн ястны хооронд өрнөсөөр байгаа билээ.

Хүмүүн хоорондын харилцан хүндлэл хийгээд олон төрөл шашин шүтлэг, олон ургальч үзлийн нэгдмэл нийтлэг ойлголт нь та бидний аж төрж буй энэ гаригын хувьд ямар ч асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх үнэ цэнэтэй зүйл бөгөөд, өнө мөнхийн энх тайван болоод төгс төгөлдөр ертөнцийг цогцлоох зүйл хэмээн хүмүүн бид ойлгож байгаа.Иймээс би эргэлзэх зүйл огт үгүйгээр Оомотогын бишрэн шүтэгч болж, бурханы ивгээл дор энэ мэт бусармаг асуудлуудыг шийдвэрлэх үйлд өөрийн гар биеэр оролцохыг чин сэтгэлээсээ хүссэн болно.

Оомтогын 「Нэг бурхан, нэг ертөнц, нэг хэл」 хэмээх уриаг гадаадын олон орны эсперанто хэлтнүүд мэддэг билээ.Тэр дундаа талархмаар нэг зүйл бол Оомото нь эсперанто хэлний гүйцэтгэх үүрэг роль, түүний тухай ойлголтыг хариуцлагатайгаар ухамсарлан, өндрөөр үнэлж, Оомотогын үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон хөгжүүлж, түүний үнэ цэнийг өдөр ирэх бүр дээшлүүлж байгаа явдал юм.Эсперанто хэл болоод Оомото нь нэг ижил зорилгыг агуулж буй хэмээн би ойлгодог бөгөөд, аль аль нь 「хүн төрлөхтний нийтлэг төсөөлөл」,「хүн төрлөхтний хайр энэрэлийн эрмэлзэл」 эдгээрийн чухалыг тайлбарласан байдаг хэмээн бодно.

Оомото бол миний төрсөн нутаг Монгол улстай тусгай холбоо хэлхээс хийгээд түүхийн хувьд чухал хамааралтай билээ.Өдгөөгөөс 3 жилийн өмнө Оомотогын 200 орчим бишрэн шүтэгчдээс бүрдэх айлчилалын хэсэг тав дахь үеийн Дэгүчи Күрэнай тэргүүний удирдлага дор Монгол улсад айлчиласан билээ.Энэ айлчилалын хэсэг нь Япон Монгол хоёр ард түмний нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөөх олон сайхан арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүгээрээ Оомотогын оршихуй хийгээд Японы соёлыг хамтад нь Монголын ард түмэнд өргөн танилцуулсан юм.

Мөн тэртээ 80 жилийн өмнө Оомотог үүсгэн байгуулагч Дэгүчи Онисабүро гэгээнтэн их бурханы ивгээлд оршиж, бурханлаг хийгээд төгөлдөр шинэ ертөнцийг цогцлоохоор Монгол улсыг зорьж байсан түүхийг Монголын ард түмэн энэ үеэр анх удаагаа мэдсэн билээ.Үүнтэй холбон хэлэхэд 「Японоос эх газарт хүрсэн баатар эр Ёшицүнэ Монголд ирж улмаар Чингис хаан нэрээр алдаршсан」 гэх Японы эртний домгыг анх сонсоод түүний нарийн учрыг ойлгоогүй өнгөрсөн юм.Түүнээс нэлээд хойно 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоо хэмээх түүхийн чухал номтой учирсан билээ.

Энэ номонд дараах зүйлийг бичсэн байдаг.「Чингис хааны өвөг Бөртэ-Чоно дээд тэнгэрээс язгууртай хийгээд түүний гэргий болох Гоо Маралын хамтаар тэнгис далайг гатлан ирж Онон мөрний хөндий Бурхан халдун уулаар нутаглав」 хэмээн тэмдэглэсэн байдаг.Үүнийг уншсаны дараа Япон улс болоод Оомотод дотносох миний сэтгэл улам нэмэгдсэн юм.

 Гэсэн хэдий ч дэлхийн 2-р дайнаас өмнө Монгол улс нь социализмын замаар хөгжиж ирсэн билээ.Тэр үед сүсэглэх хийгээд шашны ямар нэгэн үйл ажиллагаа хаалттай байсан юм.Үүнээс улбаалан Монголд дунд болоод залуу үеийнхэн эртний уламжилал бүхий сүсэглэх зан заншлаа бараг мэдэхгүй болсон нь их харамсалтай.Үүний үр дүнд өнөөгийн нийгэм дотор элдэв гэмт хэрэг ихсэж, амин хувиа хичээх үзэл газар авч байна.

Энэ мэт бусармаг зүйл олшрох өнөөгийн нийгэмд Дэгүчи Күрэнай тэргүүнээр удирдуулсан Оомото шиг хүн төрлөхтний хайр энэрэлийн сэтгэл бялхсан шашны байгууллага оршиж, 「Хүмүүн юуны тулд төрж, юуны төлөө амьдарч, бурханыг оршоогч хийгээд бурханы хүүхэд гэгдэх хүмүүн нь энэ ертөнцийн сайн сайхны төлөө юуг бүтээх ёстой вэ」 гэгчилэн хүмүүний аж төрөхөд туйлын чухаг хийгээд үнэн бодит сургаалаа Монголын ард түмэнд хайрлах болсон явдалд туйлын их баярлаж байна.

Ирэх 9 сарын 21 өдрөөс 25 өдрийг дуустал нийт 5 хоногын хугацаанд Оомотогын Дай-доо-жёо бясалгалын сургалтанд эсперанто хэлний орчуулагчаар дамжуулан түүний тусламжтайгаар суралцах болсон нь миний хувьд аз завшаантай хэрэг билээ.Энэхүү сургалтаар дамжуулан Оомото өөд тэмүүлэх өөрийн дотоод ертөнц хийгээд түүний бишрэн шүтэгч болох сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж, Оомотогын даган баясагч сүсэгтэн олон та бүгдтэй 「Бурханы зам мөр」-өөр итгэл зориг дүүрэн алхахыг туйлын их хүсэмжилэж байгаа болно.

Өнөөдөр энэ завшааныг ашиглан итгэл сүсэг нэгт Оомотогын нийт бишрэн шүтэгч та бүхэндээ хандаж, цаашид надад их зүйл зааж сургахыг сэтгэлийн гүнээс хүсэж байна.Анхаарал тавьсанд талархая.

(2007 оны 9 сарын 2 өдөр, Бай-шёо-эн хийд, Цүки-нами ёслол.)

© 2008 OOMOTO. All rights reserved.