Энэ өдөр намайг салбартаа урьсан та бүхэндээ баярлалаа.Мөн намайг танилцуулсан салбарын тэргүүн Хори гуайд бас талархаж байна.Та бүгдийн энэхүү Цүкинами баярт намайг урьж оролцуулсан явдалд, мөн та бүхэнтэй мэндчилэх завшаан олгосонд туйлын их баярлаж байна.Энэ удаа би дөрөв дэхь удаагаа Оомотод зочлож байгаа бөгөөд салбар хороодоор аялаж байгаа нь анх удаагаа юм.Тийм учраас энэ удаа Нагояа салбарт уригдан ирсэндээ баяртай байна.
Энэ удаагийн шашны ёслолд оролцоод хэзээ ч үл мартагдах сайхан дурсамж сэтгэлд хоногшин үлдлээ.Ёслолын өмнө сүнсээ тайтгаруулах ёсыг анх удаа үйлдэж үзлээ.Цүки-нами баярын өмнө сүнсээ тайтгаруулах гэдэг нь нийт байгууллагын ёс биш, Нагояа салбарын өөрийн онцлог хэмээн Яно гуайгаас сонссон юм.Сүнсээ тайтгаруулах гэдэг нь ёслолд өөрийн бие сэтгэлийг бэлдэх бэлтгэлээс гадна, хувь хүний өөрийгөө тайтгаруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн ойлголоо.
Ёслолын үеэр, бид бурханаас баялаг илгээмж хүлээн авч буй хийгээд лам хуврагуудын үйл хөдлөл, ёс жаяг, хоол хүнс, түүнд талархах туйлын сэтгэл зэрэг олон зүйлийн тухай өөрийн бие сэтгэлээр мэдэрлээ.Салбар төвийн тэргүүн Хори гуайн мэндчилгээнд, идэж уух хоол хүнсэнд хандах сэтгэл зүйн хандлагатаа хүмүүн анхаархын чухлыг дурдаж байсныг бас эргэн бодож үзлээ.Ялангуяа ариутгалын химийн бодис илэрсэн баншны хэрэг гараад удаагүй энэ цаг үед өдөр тутмынхаа үйл хөдлөлд няхуур байж, бусаддаа анхаарал тавихыг сануулсан тэргүүн хатагтайн үгний учрыг бас ойлгож авсан билээ.
Цаашдаа идэш хүнсэндээ байнга талархаж байхын төлөө хичээнэ.Шашны юмуу оюуны ямар нэгэн үйл ажиллагаанд орлцохоор хязгаарлагдахгүй, олон төрлийн үйл ажиллагаанаас их зүйл сурч, түүнийгээ амьдралд бодитой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ойлгосон.Олон зүйл сурч мэдрэх боломж олгосон энэ удаагын завшаанд баярлаж байна.
Би Нью-Иорк хотод төрсөн бөгөөд 2006 оны 8-р сараас хойш Япон улсад сурч байна.Энэ удааг оруулаад 2 дахь удаагын Япон айлчлал юм.2002 онд бас ирж суралцаж байсан.
Миний бие нийслэл Токио хотод англи хэлний багшаар ажиллаж байна. Equal Dignity Japan гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм.Хүндэтгэл ба үнэ цэнэ гэх ухагдахууны өнцгөөс Японы соёлыг судлах зорилготой болно.Нийт хүн төрлөхтний энх тайван хийгээд хүмүүний үнэ цэнэ, түүнийг хайрлан хүндлэх зорилго бүхий соёлын байгууллагын хувьд, хүмүүний амь нас түүний үнэ цэнийг дээдэлдэг Японы уламжлал ёс заншилын соёлд тулгуурлан, хайр энэрэлээр бялхах гэрэлт ертөнцийг цогцлоох их үйлд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн яаж оруулах тухай хийж буй судалгааны ажил болно.
Оомото байгууллагатай холбогдсон нь миний хувьд гүн гүнзгий утга агуулга бүхий зүйл бөгөөд энэ тухай бяцхан яриа дэлгэе.Би яг нэг жилийн өмнө Оомототой анх танилцсан билээ.
Тэр үед би Точиги аймгийн дунд сургуульд англи хэлний хичээл заадаг байлаа.Хүүхдүүдэд англи хэл сурахад олон бэрхшээл асуудлууд байдаг.Тэр үед би өөр улсын гадаад хэл сурахын оронд эсперанто хэл сурах нь илүү хялбар бөгөөд, эхлээд эсперанто хэл сурчихвал дараа нь өөр ямар ч улсын хэл сурахад хялбар сурдаг гэсэн яриаг нэг удаа сонсож байсан.
Тэгээд би интернэтээс эсперанто хэлний тухай мэдээллийг хайсан.Улмаар Оомото гэдэг байгууллага эсперанто хэлийг илүү хэрэглэдэг гэдгийг мэдсэн юм.Хэдийгээр би өнөөдөр эсперанто хэлээр ярьж чадахгүй ч ирээдүйдээ суралцах бодолтой байгаа.
「Дараа Киото хотод очих завшаан олдвол заавал Оомотод очиж үзнэ」 гэж бодсон юм.Тэр үед би Оомотог огторгуйн чанадтай холбоотой гэдгийг хараахан мэдээгүй явлаа.Оомотод очиж үзэе гэж бодсон тэр бодол миний хувь төөрөг байсан гэдгийг ч тухайн үедээ анзаараагүй юм.
Интэрнэтээс мэдээлэл хайсан тэр өдрөөс хэдэн долоо хоногын дараа 2006 онд зохион явагдсан Хирошимагын олон улсын энх тайвны дээд хэмжээний уулзалтын үер би анх Яно Хироми гуай болоод ноён Билл Робертс (Bill Roberts) нартай танилцсан билээ.
Билл Робертс гуай надад Оомотогын тухай ярьж өгсөн юм.Тэр үед би Оомотогын талаар огт юу ч мэдэхгүй нэгэн байсан тул надад их сонирхолтой санагдаж байв.Яг тэр үед Оомото гэдэг байгууллага эсперанто хэлийг хэрэглэдэг гэдгийг интернэтээс уншиж мэдсэнээ санав.Урьд олж мэдсэн хийгээд энэ удаа сонссон зүйл нэг зүйл болж хувирав.
Түүнээс хойш Билл Робертс гуайтай холбоотой байж, өнгөрсөн жил түүнийг Оомотод байх үеийг тааруулан би Оомотод зочилж улмаар Цүки-нами баярт оролцсон юм.
Ноднин жил би Оомотод 3-н удаа очсон.Эхлээд Цүки-нами баярт оролцож, баярын дараах хүүхдүүдийн зохион явуулсан цайны ёслолыг үзэж туйлын сэтгэл хөдөлсөн юм.Тэр өдөр Яно гуайд уламжилалт Но бүжгийн жүжгийн тухай сонирхдог гэдгээ хэлсэн юм.Тэрээр надад 5-р сард зохиогдох Майдар бурханы Но бүжгийн жүжгийг ирж үзэхийг санал болгосон билээ.Түүнчилэн 8-р сард зохион байгуулагдах Хиэ уулын шашны дээд хэмжээний уулзалтын үеэр Оомтогын үйл ажиллагаанд туслан оролцохыг санал болгож, надад их сонирхол төрсөн юм.
Оомотод очих бүрт миний Оомотог ойлгох цар хүрээ тэлж, улмаар Оомотогын бурханаас хүлээн авсан туйлын зарлиг, хийгээд түүний оршихуйн тухай ойлгож ирсэн юм.Энэ удаа миний 4 дэхь удаагын айлчилал бөгөөд Камэ-Ока хотод нэг сарын хугацаатай саатаж байна.Гадаад харилцааны албанд сайн дураар ажиллаж, англи хэл дээрх цахим хуудсыг илүү төгөлдөржүүлэх ажил болоод, залуу ажилчидад англи хэл зааж байна.Өнөөг хүртэл Оомтогын тухай сэтгэлд үлдсэн зүйлсийн тухай яриаг сонирхуулая.
Нэг жилийн өмнө Камэ-Окад ирэхэд Билл Робертс гуай надад бурханы цэцэрлэгт хүрээлэнг анх танилцуулж байсан.Урлагын бүтээлийн үзэсгэлэгийн танхимд Дэгүчи Онисабүро гэгээнтний гараар бүтсэн шаазан урлал болох аягыг үзсэн.Тэнд 3-н аяга дэлгэн үзүүлсэн байсан.
Би цохиулах шиг болов.Үнэнийг хэлэхэд их хүнд цохилт байлаа.Хэлэх үг ч олдсонгүй.Нялх хүүхдийн сэтгэлээр бүтсэн зүйл байна хэмээн бодогдсон юм.Цоо шинэ мэдрэмж хийгээд гүн хүндлэлийн хоорондын тэмцлийг өөрийн дотоод ертөнцөд өрнөж буйг тэгэхэд мэдэрч билээ.
Онисабүро гэгээнтний бүтээл нь бидэнд илгээсэн захидал, илгээмж, амьд боловсрол юм.Түүний бүтээл бол бурханлаг увьдисаар бялхах сургааль номлол хийгээд энэ бол бурханы ид шид юм.
Гэгээнтний бүтээл болоод Оомотогын үе үеийн тэргүүдийн бүтээл бол өнөөгийн ертөнцөд эрдэнэт амьны үнэ цэнийг дээдлэн аж төрөх ёсны амьд үзүүлэн билээ.Гэгээнтний гараар бүтсэн аяга бол урлагын гайхамшигт бүтээл болно.Мэдрэмж өндөр хөгжсөн хүмүүн тэрхүү бүтээлээс ариун сударт өгүүлэх сургааль номлолыг олж унших буйзаа.
Дэгүчи Хидэмарү багшийн 「Амьрахын баяслыг эрэлхийлэх нь」 зохиолд би гэгээнтний бүтээсэн гэрэлт аяганаас түүний гэгээрлийг олж харсан тухай өгүүлсэн байдгыг иш татая гэж бодож байна.「Зүйр үгэнд,эрдэмт хүмүүн мунхаг мэт үзэгдэж, гэгээрэлд хүрсэн хүмүүн хүүхэд мэт харагдана хэмээдэг」.Би хэдэн өдрийн өмнөөс 「Амьрахын баяслыг эрэлхийлэх нь」 номыг уншиж, агуу их оюун ухааны сургааль гэдгийг мэдэрсэн бөгөөд, энэ хорвоогын бүх хүмүүн энэхүү номыг уншаасай гэж хүссэн юм.
Хоёр дахь удаагаа Оомотод зочилсон нь ноднин жилийн Майдар бурханы Но-бүжгийн үе байлаа.2001 оноос 2002 он хүртэл Японд байх хугацаандаа уламжилалт Но-бүжгийг талаар ихэд сонирхдог байсан юм.Токиод байхдаа Но бүжиг заадаг нэгэн Америк хүнтэй танилцсан бөгөөд түүний тоглолтыг хэд хэдэн удаа үзсэн юм.
Би дуурьт их дуртай бөгөөд Нью-Иорк хотын Линкольн Сентерт (Lincoln Center)очиж дуурь их үздэг байсан.Но жүжгийг дуурьтай ихэвчилэн жишиж үздэг хэдий ч Но жүжиг нь дууриас илүү хүчтэй зүйл гэдгийг би мэдэрдэг.
2002 онд би төрлөх нутаг Нью-Иоркдоо буцаж, Метрополитаны дуурийн театрт (Metropolitan Opera House)Кармен дуурь үзсэн юм.Тэрээр үзэсгэлэнтэй хийгээд өнгө аяс төгөлдөр байсан хэдий ч Но жүжгийн эхлэл үед төрөх мэдрэмжийг огт гүйцэхгүй мэт санагдаж билээ.
Но жүжиг нь хүмүүнийг хөгжөөн баясгахын төлөө оршдог зүйл бус, тэнгэр бурханд зоиулагдсан зүйл гэдгийг өөрийн мөн чанартаа ухаарсан юм.Но жүжгийн жүжигчид нь европын ямар нэгэн урлагын төрөл тоглолтын дараа жүжигчид нь тайзнаа гарч мэндэлдэг шиг тийм ёс огт байхгүй.Мөн үзэгчид ч бас тоглолт дундуур алга ташиж баяр хүргэх гэсэн ойлголт байдаггүй.Энэ мэт өвөрмөц ёс жаягт би өөрийн эрхгүй татагддаг юм.
Гэсэн хэдий ч Японы залуучуудтай уламжилалт Но жүжиг хийгээд урлагын тухай ярихад 「залуучууд тийм зүйлд сонирхолгүй」, эсвэл 「эмээ маань сонирхдог байж магадгүй」 гэх мэтээр хэлэх бөгөөд, энэ мэт хариултад би цаг үргэлж сэтгэл дундуур явдаг билээ.
Би тэднийг тэгж үздэг гэж бодохыг хүсэхгүй байна. Японы залуучууд уламжилалт ёс соёлоо сонирхдог хэмээн бодож итгэхийг хүсэж байна.Тиймийн учир Оомтогын хөгшин залуу хэн ч болов уламжилалт ёс соёлоо дээдлэн хүндэлдэгт нь би талархадаг билээ.
Майдар бурханы Но жүжигт дунд сургуулийн сурагчид болон тэтгэвэртээ гарсан хүмүүс жүжиглэж байсан нь надад бахархалтай сайхан байлаа.
Үдийн өмнө нэгэн эзэгтэй Буддагын тухай өгүүлэх Но жүжиг үзүүлж байх яг тэр агшинд орон нутгаас ирсэн Оомотогын бишрэн шүтэгчдийн нэг групп Бан-шёо-дэн дацанд орж ирээд их шүтээний өмнө сууцгаав.Тэр үед надад гайхамшигтай санагдсан нэг зүйл бол Оомтогын уншлага болон Но жүжгийн аялгуу хоршин цуурайтаж, хамтатган нэгэн цогцыг их бурханд өргөн барьж буй мэт санагдаж, тэрхүү агшныг нүдээр харсны хувьд завшаан байлаа.
Гурав дахь удаагын айлчилал бол өнгөрсөн жил зохион явагдсан Хиэ уулын энх тайвны чуулганы үе байлаа.Тэр үед би анх удаа Бүх шашин нэгэн ягууртай гэх сургаальтай учирсан билээ.Түүхэн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд биечилэн оролцсон нь миний хувьд том хувь тавилан юм.
Жил бүр уламжилал болгон зохион байгуулагддаг үйл ажиллагаа хэдий ч өнгөрсөн оны хувьд 20-н жилийн ой давхцсан билээ.Энэ ойн дурсгалд зориулж НҮБ-с Энх тайвны хонх бүтээж Хиэ ууланд залсан юм.Босни Герцоговены 6-н хүүхэд, Хирошима хотын 6-н хүүхэд хамтдаа энэхүү хонхыг анх дуугаргасан билээ.
Дэгүчи Күрэнай тэргүүн хатагтай буддын шашны Тэндай хийдийн Ханда Коожюүн тэргүүний дэргэд заларч, энэхүү үйл ажиллагааны хүндэтгэх учир бүхий чухаг хүн байна гэдгийг би тэр үед мэдэрсэн билээ.Тэнд хуран цугласан олон шашны төлөөлөгчдийн дотор тэрээр ганцаар эмэгтэй хүн байсан нь сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Оомотогын олон улсын шашны хамтын ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, даян дэлхийд түгэхийг хүсэмжилэж байна.Оомто нь шашин хоорондын нийтлэг ойлголтыг гүнзгийрүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа нь их чухал зүйл хэмээн би бодож байна.Түүний зэрэгцээ Оомото нь олон улсын шашны хамтын ажиллагаанд тохирох олон улсын хэл эсперанто болоод уламжлалаа сахин хадгалсан дэлхийн хэмжээний цөөхөн шашны байгууллагын нэг хэмээх нь илүү чухал үзүүлэлт билээ.
Миний өнөөдөр хэлэх гэсэн зүйл бол би болоод Европын ихэнх ард түмэн уламжилалт Но жүжиг, цайны урлаг гэх мэт Японы уламжилалт соёл хийгээд урлаг, мөн шинто шашны тухай ихэд сонирхдог гэдгийг уламжилая.
Үүний зэрэгцээ Япон хүн Япон урлагаасаа хөндийрөөд байгаа мэт санагдана.Үүний учир шалтгаан нь тухайн урлагт суралцаж бэлтгэл хийх арга зам болоод урсгал хоорондын шат дараалсан олон дүрэм, дэг жаягаас болдог юм болов уу гэж хувьдаа боддог.
Оомото нь уламжлалт урлаг соёлоо хөхүйлэн дэмжиж, өөрийн шашны бишрэн шүтэгчдийн хүрээгээр үл хязгаарлагдаж, заан сургаж уламжлуулан, олон нийтэд урлаг соёлтой танилцах өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаа явуулж байгаа явдалд миний бие туйлын их баярлаж явдаг.
Эдгээр урлаг нь Японы хөрсөн дээр мэндэлж, Японы онцлогыг өөртөө шингээсэн байдаг хэдий ч дан ганц Японы ард түмний өмч биш бөлгөө.Японы уламжлалт соёл урлаг нь улс орны хил хязгаар хийгээд оюуны ижил төсгүй байдлыг үнэмлэхүй төвшинд давсан байгаа.
Оомото нь миний хувьд Японы ард түмний уламжилалт зан заншил, соёл урлагт суралцах чухал газар болсон.Америкийн нэг иргэнийхээ хувьд би Японы уламжлалт урлаг соёл нь энх тайвныг илүү өндрөөр үнэлэгч дэлхий ертөнцийг цогцлоох үйлсэд чухаг хувь нэмэр үүрэг роль гүйцэтгэнэ хэмээн боддог.
(2008 оны 2 дугаар сар 17 өдөр)
E-mail: