Юуны түрүүнд өнөөдөр ингэж та бүхэнтэй уулзаж, бас ярилцах боломжийг олгосон Оомотогын Кий салбарын нийт гишүүд та бүхэнд талархалаа илэрхийлэе.Оомотогын өглөө оройны мөргөл залбиралд хэд хэдэн удаа оролцож байсан хэдий ч Цүки-нами баярт оролцож байгаа нь анх удаа билээ.Иймээс миний хувьд энэ өдөр Оомото дахь бас нэг шинэ зүйлийг сурч мэдрэх өдөр гэдгээрээ надад туйлын сайхан байлаа.
Уржигдархан Вака-яма аймагт ирж Күмано салбарын сүмд мөргөл үйлдсэн билээ.Салбарын тэргүүн Ниши-вака гуай надад салбарынхаа түүх хийгээд Үэшиба Морихэй багшын замналын тухай танилцуулсан билээ.Вака-Яма үнэхээр үзэсгэлэнт байгальтай сайхан газар байна.
Би Оомототой анх хэрхэн учирсан тухайгаа ярихаас өмнө, Япон улстай хэрхэн учирснаа ярихыг хүсэж байна.Үндсэн хоёр шалтгаан бий.Нэг нь миний мэргэжилтэй холбоотой бөгөөд нөгөө нь бие хамгаалах урлаагтай холбоотой юм.
Би Канадын Онтарио(Ontario)мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Чатам (Chatham)гэх жижигхэн хотод төрж өссөн.Чатам нь Торонто хотоос авто машинаар 4-н цагын газарт, Америкийн Мичиган мужийн Детройтоос нэг цагын газарт байрладаг захын хот билээ.Оршин суугчдын ихэнх нь газар тариалан эрхлэдэг.
Онтарио нь бас үзэсгэлэнт байгальтай билээ.Энэ газар нутагт байгалын тусгай хамгаалалттай цогцолбор газар олон байдаг.Миний төрсөн нутаг Чатамтай ойролцоо газарт Эли(Lake Erie) нуур, Пойнт пели (Point Pelee)үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Рондей (Rondeau)цэцэрлэгт хүрэлэнгүүд байдаг. Жак Майнерс (Jack Miners Bird Sanctuary) шувуу хамгаалах бүс бас холгүй оршдог.Мөн Алгонкин (Algonquin Provincial Park) бүс нутгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн Онтариогын төв хэсэгт байрлах бөгөөд аялал жуулчлалын алдартай төв газар болно.
Алгонкин нь Онтарио дахь хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм.7630 метр хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд энэ нь Вака-Яма аймгийн нийт газар нутгаас хоёр дахин том гэсэн үг юм.Мөн та бүхний сайн мэдэх Наяагара (Niagara)голын алдарт хүрхрээ энд байдаг ба энэнь бас л Онтариогын олонд танигдсан аялал жуулчлалын үзмэр бөгөөд өөрийн биер очиж үзээгүй ч фото зургыг нь үзэж байсан бизээ.
Хүүхэд ахуй насандаа зуны амралт эхэлмэгц гэр бүлээрээ Эриэ нуурын эрэгт орших 2 өрөө бүхий бяцхан зусландаа гарах бөгөөд миний бага балчир насны хамгийн гайхамшигтай дурсамжууд энд байдаг юм.
Аажим ноцох түүдэг галын дэргэд тэнгэрт түгэх түм буман оддыг ширтэнгээ нуурын эрэгт гадаа хоноглож байсан аагим бүгчим өдрүүдийг одоо ч тодхон санаж байна.Би байгальд их дуртай хүүхэд байсан бөгөөд миний бага балчир нас баян тансаг байгаль дунд өнөгөрсөн тул би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
Хэрхэн анх бие хамгаалах урлагыг сонирхох болсноо чин үнэнийг хэлэхэд өнөө хэр тодорхой санадаггүй юм.Магадгүй бага насандаа хэн нэгэн үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн нь үндэс суурийг нь тависан байх.Багадаа би нүдний шил зүүдэг байсан тул энэ нь бусад хүүхдүүд надаар даажигнан тохуурхах нэг шалтгаан байсан ч байж магад.Сургуулиасаа нүдний шилээ хагалуулж, дүрэмт хувцасаа уруулаад харих нь тийм ч хүсээд байх зүйл биш байлаа.
Тэр үед би энэ гээд онцлон хэлэх ямар нэг зүйлийг сонирхдоггүй нэгэ байсан бөгөөд нэг өдөр аавдаа бие хамгаалах урлагаар хичээллэхийг хүсэж байгаагаа хэлэхэд тэрээр шууд л зөвшөөрсөн юм.Чатам маань маш жижигхэн хот тул тэр үед хичээллэж болох ганц спорт нь Сологосын уламжилалт бие хамгаалах урлаг болох Тэквандо байлаа.Иймээс би шууд л энэ спортоор хичээллэж эхлэсэн юм.
Үүний дараа бас нэг төрлийн бие хамгаалах урлагтай учирсан нь Шаолин сүмийн тулааны урлаг байлаа.
Тэквандо болоод Шаолины тулааны урлагт би тийм ч удаан сэтгэл татагдсангүй.Нэгэн удаа зүгээр л шулуун цохиолт эсвэл өшгөлөх гэсэн ойлголтоос огт өөр өчих мэхэнд суурилсан бие хамгаалах урлаг болох Айкидо-той учирсан билээ.7 настайгаасаа Шаолины бие хамгаалах урлагаар хичээллэсний дараа дунд сургуульд орох жилээ Айкидогоор хичээллэж эхлэсэн юм.
Айкидог сонирхох болсон шалтгаан нь, нэгэн үйл явдлаас улбаалсан билээ.Жилд нэг улаа зохион явагддаг бүс нутгийн бие хамгаалах урлагын тэмцээнд би тэр жил оролцсон юм.Тэр тэмцээний үеэр нэг охин Айкидогын үзүүлбэр үзүүлсэн бөгөөд тэрээр тулалдагчаа маш хялбар унагааж, заримдаа нисгэн шидэж байлаа.Би намайг бол чадахгүй хэмээн бодож,биеэ тоомсорлон, өөрөө түүнээс тулалдахыг хүссэн бөгөөд тэрээр намайг амархаан шидэж орхисон билээ.
Тэр үед л би зөвхөн шидэх мэх бус, шидсэний дараах өчиг мэхэнд сэтгэл ихээр татагдсан юм.Түүнээс хойш үе өчих мэхийг сонирхох сонирхол ихсэж, Айкидо л надад яг тохирох урлаг байна гэдгийг мэдэрсэн юм.
Гэсэн хэдий ч манай жижиг хотод Айкидо суралцах боломжгүй байлаа.Иймээс зэргэлдээх хот болох Виндсор(Windsor) дахь дугуйланд хичээллэж эхэлсэн юм.
Виндсорын дугуйланд Ёо-шин-кан Айкидод суралцсан юм.Энэ нь тулааны урлагын нэрт мастер Шиода Гозо гуайн салбарлуулж хөгжүүлсэн тулааны довтлох урлагын нэг төрөл байлаа.Энэ урсгалыг Токио хотын цагдаагын ажилтнуудад албан ёсоор заадаг гэж сонссон бөгөөд Күшида Такэши багшаар дамжин Америкад дэлгэрсэн юм.Күшида багш өнөө ч гэсэн Мичиган мужийн Ан-Арбор(Ann Arbor)гэх Детройдын ойролцоох хотод багшаар ажиллаж байгаа.
Би Күшида багшын анхны гарын шавь болох Кевин Блок(Kevin Blok)багшаар Айкидо заалгасан юм.Блок багш ч мөн Ан-Арбор дахь дугуйлан руу миний адил хол газраас явж байсан нь тодорхой .Хожим нь Онтариогын Лондонд байх их сургуульд элссэний дараа шууд Айкидогын дугуйланд орж суралцсан юм.
Бие хамгаалах урлагт дурлах миний сэтгэл туйлын их байсан ч анхны Япон улсыг зорих аялалын зорилго маань бие хамгаалах урлагтай холбоогүй байлаа.
Канадын их сургуульд би барилгын мэргэжлээр суралцсан бөгөөд сурч байх хугацаанд Кобэ хотод болсон их газар хөдлөлт болсон юм.Улмаар сургуулиа төгссөний дараа Кобэ хотын бүтээн босголтод сайн дураар оролцох хүсэлтэй байгаагаа багштайгаа зөвлөлдөн шийдсэн билээ.Газар хөдлөлт болсноос нэлээд хожуу Кобэд очсон тул газар хөдлөлтийн яг дараах цэвэрлэгээний ажилд оролцож амжаагүй юм.
Кобэ хотод очсоны дараа CAD буюу computer aided design, өөрөөр хэлбэл компютер ашиглаж гүйцэтгэх зургын ажлыг эхэлсэн билээ.Тэр үед миний CAD программ дээр хийж гүйцэтгэсэн ажил хожим нь Япон хэл дээр орчуулагдан гарсан билээ.
Энэхүү гачлант газар хөдлөлт нь намайг Япон оронтой танилцуулах учир шалтгаан болсон юм.Улмаар энэ завшаан нь намайг Оомототой анх учруулсан бөгөөд миний Оомототой танилцсан тэр өдөр бол нэлээд хожуу буюу 1997 оны хавар байлаа.
Оомтотой учирсан анхны учралаа нэг их тодорхой санадаггүй юм.Хожим нь өөрийн авсан фото зургыг харж байхад 1997 оны хавар 4-н сард гэж тэмдэглэгдсэн байдаг.Сонирхолтой нь Оомотод авхуулсан анхны зураг Хосү-кан бэлтгэлийн дугуйлангын өмнө зогсож буй зураг байдаг.Хосү-кан бол миний Камэ-Окад бэлтгэл хийдэг Айкидогын дугуйлан юм.
Анх Осака хотын Тэн-шинд бэлтгэл хийдэг байхад хэд хэдэн удаа тэр хамт олонтойгоо Камэ-Ока болон, Аяабэ руу аялаж байсан билээ.
Миний анх Оомото дахь сэтгэгдлийг 「санаа алдах」 гэдэг үгээр илэрхийлэн төлөөлүүлж болох байх гэж бодож байна.Үзэсгэлэт байгалаар хүрээлээлсэн ариун дагшин орон нутаг байсан.Оомотогын ариун газар нутгын хаана ч явсан бурханлаг амар амгаланг гүн гүнзгий мэдэрч байлаа.
Миний өөрийн амьдралд тулгараад байсан олон олон асуудлаа нааштай шийдвэрлэж чадсан учир шалтгааны үндэс нь энэ гайхалтай энх тайванч сэтгэл зүй, нээлттэй эрх чөлөөт уур амьсгал байсан.
Оомото нь, хамаатнаа тэнгэрийн оронд үдээд удаагүй байсан миний сэтгэлийн ганцаардлыг тайлж, Айкидог орхихоор шийдээд байсан сэтгэлд минь эргэн Айкидо тийш тэмүүлэх урам зоригыг бэлэглэсэн билээ.
Энэ удаа Японд байх эхний хугацаандаа долоо хоног 5-н удаа бэлтгэл хийж байсан бөгөөд ойрноос ажлын нөхцөл байдлаас шалтгаалан долоо хоногтоо 2-3 удаа бэлтгэл хийж байна.Бусад цагт нь англи хэлний дамжаа хичээллүүлж түүнээс олох орлогоороо амьдарч,бас бэлтгэлдээ явж байгаа билээ.
Та бүхний мэдэж байгаачилан, Оомото болоод Айкидо нь үндсээрээ холбоотой билээ.Айкидогын угын сургааль болоод гүн ухаан нь хаанаас эх ундаргатайг бодолхийлэх нь миний хувьд туйлын чухаг зүйл билээ.
Оомотогын байгаль хийгээд урлагт хандах халуун сэтгэл нь Оомотогын бишрэн шүтэгч асан Айкидог үндэслэгч их багш Үэшиба Морихэй багшын сэтгэл оюунд уламжлагдан үлдсэн гэж би бат итгэдэг.Канад дахь Айкидогоор хичээллэгч дүү нартаа ч дээрхийг ойлгож мөн уламжилаж аваасай хэмээн хүсдэг.
Харамсалтай нь хойд Америкт энгийн ард түмний дунд бие хамгаалах урлаг нь тэмцэлдээн тулалдааны хэрэглэгдэхүүн бөгөөд үүнийг урлагын чухал төлөөлөгч гэж боддог хүмүүн цөөхөн байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй буйзаа.Англи хэлний толь бичигт martial arts (тулааны урлаг)-н martial гэдэг нь тулалдах дур,тэмцэлдэх хүслэн гэсэн утгатай хэмээн тайлбарласан байдаг.Иймээс martial arts гэдэг англи хэл нь алдаатай гэж би боддог.Учир нь бие хамгаалах тулааны урлагт тулалдах дур,тэмцэлдэх хүслэн гэдэг ойлголт огт байдаггүй.
Би бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж байх хугацаандаа нэг гайхалтай үг сонссон юм.「тулааны урлаг нь үзэсгэлэнтэй」.Энэ үгэнд би их дуртай.Өөрийнхөө сурсан арга мэхийг төгөлдөржүүлэхийг хичээж байх үедээ энэ үгийг би дандаа санадаг.
Би бие хамгаалах бүх төрлийн урлагыг хүндэтгэн үздэг.Олон төрлийн эдгээр урлагууд нь гүн ухаанаараа хоорондоо нягт холбоотой байдаг гэж боддог.Нэг удаа би бие хамгаалах урлагын багш шавь нартаа олон төрлийн мэх зааж буйг хараад ихэд гайхсан.Учир нь хөл болоод гарын хөдөлгөөнүүд нь биднийхтэй яг ижил байсан юм.Мөн би урьд нь И-ай-доо буюу Илдний урлагаар бас хичээллэж байсан бөгөөд харамсалтай нь манай гэр нүүх болсноор хичээллэх боломжгүй болсон билэ.
Айкидогын техник хөдөлгөөн нь тэр чигтээ илдний урлаг, түүний хөдөлгөөнд суурилсан байдаг бөгөөд И-ай-до сурч байх үед түүний хөдөлгөөн болоод урлаг нь тодорхой хэмжээгээр Айкидогын хөдөлгөөнтэй ижил байсныг анзаарсан юм.
Мэдээж тулааны урлаг нь миний хувьд чухал зүйл хэдий ч Японы бусад урлагт ч би бас сонирхолтой.Нанад бага зэрэг цаг хугацаа болоод завшаан тохиовоос бусад урлагын аль нэг төрлөөр хичээллэе гэж боддог.Аль эртнээс л сампин цохих урлаг, хэнгэрэг бөмбөрийн урлаг, бас япон хэлийг дээд төвшинд сурахыг хүссээр ирсэн билээ.Хэл сурна гэдэг нь огт өөр хэлбэрийн урлаг, түүний арга барилд суралцана гэсэн ойлголт хэмээн боддог.
Мөн урлагын бодит бүтээл бүтээдэг урлаг сэтгэл ихээр татдаг.Бийрийн уран бичлэгийн хичээлд суралцсан бөгөөд тэр үед тал цаасан дээр багшынхаа өөртөө итгэлтэйгээр бас урнаар бийрээ татаж буйг хараад сэтгэлээ булаалгаж буйгаа мэдэрсэн юм.Яг урьд нь тулааны урлагын багшынхаа хөдөлгөөнийг хараад сэтгэлээ эзэмдүүлсэн шигээр.
Японы Илдний урлаг ч бас алмайран гайхмаар, шагшин биширмээр үнэ цэнэтэй зүйл билээ.Япон улсад аж төрөх хугацаандаа би соёлын холбогдолтой зохион явагдах арга хэмжээнд аль болох оролцохыг эрмэлздэг юм.
Нэг удаа найзынхаа хамтаар Тоттори аймагт очиж Япон илд хэрхэн бүтдэгийг үзсэн.
Аяабэд уламжилалт шаазан ваарны урлаг болоод сүлжмэл урлаг зэргийг яг уламжилалт урлан дээр нь үзэж сонирхсон бөгөөд, Оомотогын хувьд уламжилалт урлаг соёл ямар чухал болохыг мэдэрсэн билээ.
Тэр үед би Онисабүро гэгээнтний шашин бол урлагын ижий хэмээх сургаальтай учирсан билээ.Өчигдөр Күмано салбар төвийн тэргүүн Ниши-вака гуай надад үе үеийн тэргүүдийн бүтээсэн урлагын бүтээлүүдийг үзүүлж сонирхуулсан билээ.
Айкидогын хувьд миний хамгийн эрхэм зүйл бөгөөд энэ урлагаар Оомотод хичээллэнэ гэдэг нь амьдралд цөөхөн тохиох гайхалтай тохиолуудын нэг билээ.Үр дүнтэй, бодитой чадвар мэхийг сурч эзэмшихээс гадна бусдад хэрхэн туслах тухай ухааныг мөн суралцаж байна.
Оомотод анх ирсэн өдрөөс л бүгд надтай дотно мэндэлж байсан.Миний хувьд тэдэнд огт танихгүй хүн хэдий ч Оомтогын хүмүүс эелдэг зөөлөн сэтгэлээр хэнийг ч болов угтан харьцдаг билээ.Энэхүү эелдэг дотно хийгээд эрх чөлөөт уур амьсгалыг өөрийн бие хамгаалах урлагт бас шингээн хичээхийг эрмэлзэж байгаа.
Оомото нь бусад шашинд хандах нийгүүлсэнгүй агуу хандлага хийгээд түүний тухай миний цаг үргэлж итгэж ирсэн өөрийн тэр онцлогтой холбон суралцах хэрэгтэй.Өнөөдөр би хүүхэд ахуй үетэйгээ харьцуулахад харьцангуй олон ном уншиж байгаа.Иймээс би дараах үгийг хэлэх дуртай байдаг.「Чамтай учрах бүхий л хүмүүн ямар нэгэн зовлон тээж явдаг」
Бусдыг ойлгож, түүний сэтгэлийг хуваалцах сэтгэл нь Айкидо болоод бусад бүхий л тулааны урлагын мөн чанар, гүн ухаан нь байдаг.Аль ч дугуйланд суралцахаар ирэгч шавь нарт тэндхийн үүд хаалга ямагт нээлттэй байх учиртай бөгөөд энэ үүргээ умартваас угын утгаа алдах бөлгөө.
Харамсалтай нь өнөөдөр ихэнх дугуйлан арилжааны хэлбэрт шилжин, мөнгөний хойноос хэт их улайран, шавь нартаа энэ урлагын гайхамшигт мөн чанарыг зааж сургах үйлээ умартаад байгаа билээ.Энэ мэт хандлага нь баруун европт ихээр ажиглагдах бөгөөд Японд ч бас ажиглагдаж байна.Угын чанартаа бол ах дүүс мэт, эгч дүүс мэт дотоод сэтгэлээрээ холбогдон хамтдаа сурч гэгээрэх газар байхгүй бол болохгүй билээ.Түүнчилэн зөвхөн цуглаан дугуйлангаар үл хязгаарлагдаж, гаднах нийгэм дээр ч илүү өндөр төвшний хаилцаа холбоог үүсгэх нь чухал үүргийн нэг билээ.
Би ийм үзлээр замнаж буй газрыг Камэ-Окагын Хосуу-кан дэвжээнд олж харсан билээ.Хосуу-кан дахь хамт бэлтгэл хийдэг миний найзууд бүгд гайхамшигтай хүмүүс байдаг.Хэзээ нэгэн цагт тэдэнтэйгээ хамт бэлтгэл хийж чадахгүй болох тэр цагт надад их уйтгартай байх болно.
Сүүлд нь өөрийн бишрэн хүндэлж явдаг Шичи-рёо-дани багшынхаа тухай цөөн хэдэн үг хэлээд энэ удаагынхаа яриаг дуугахыг хүсэж байна.Юуны түрүүнд би Шичи-рёо-дани багшын шавь болсон нь миний хувьд дээд зэргийн бахархал билээ.
Багш маань намайг түүнээс ямар их зүйл сурч, тэр надад хэр их нөлөөлснөө өөрөө мэдэхгүй байгаа гэж бодож байна.Би багшыгаа сурган хүмүүжүүлэгчийнх нь хувьд маш ихээр дээдэлэн хүндэлдэг бөгөөд бас дээдийн дээдээр талархдаг.Оомтод Шичи-рёо-дани багшын удирдлага дор суралцсан Айкидо нь миний хувьд цоо шинэ ертөнц байсныг хэлэх хэрэгтэй.Мөн эх нутаг Канаддаа авч очих үнэт бэлэг байлаа.
Үнэнийг хэлэхэд өнөөг хүртэл миний сурч хичээллэж ирсэн Айкидотой өөр байсан тул эхэндээ залхах сэтгэл бага зэрэг төрж байлаа.Гэсэн хэдий ч тэсвэр тэвчээрт багшынхаа удирдлага дор хичээллэсээр аажимдаа мэхний урлагыг нэг нэгээр ойлгон дэвшсэн билээ.Би энэ багштайгаа эрт танилцсан бол тэр хэмжээгээрээ их зүйлийг сурах байилаа хэмээн халаглан харамсаж боддог.
Эцэст нь Оомтотой учирснаар гайхамшигтай зүйлсүүдийг мэдэрч сурч авсандаа дахин нэг удаа талархал өргөе.Мөн Оомтод тулааны урлагын бэлтгэл хийх боломжийг олгосон, хамтран зүтгэсэн нийт хамт олондоо талархаж буйгаа илэрхийлэе.
Оомтогын нийт бишрэн шүтэгчид, даган баясагч та бүхэнд, мөн Шичи-рёо-дани багшдаа талархал дэвшүүлэе.Дан ганц Айкидо урлагын арга мэх заах бус, бусад хүмүүнийг хайрлан энэрэх сэтгэлийн үүд хаалгыг миний дотоод ертөнцөд нээж өгсөнд туйлын их талархаж байна.
Баярлалаа.
E-mail: