おほもと Oomoto

Шүлгийн баярт оролцоод сэтгэл их хөдөлсөн...

Павело Такеши(Бразил)

2007 оны 10 сард Асай болоод Нарүо гуай хоёул Бразилд айлчилсан юм.Тэр үед надаас 「Чи Японд очиж нэг жилийн турш Оомотогын тухай судлаж үзмээр байна уу?」 хэмээн асууж билээ.

Тэр хоёрын яриаг сонссон хэдий ч би энэ нь юу гэсэн үг болох, би яавал зохилтой тухай огт ойлгохгүй байлаа.Итгэхэд бэрхтэй мэт, бас цочирдсон мэт сэтгэл миний дотор эргэлдэж байлаа.Гэсэн хэдий ч удаан хугацаагаар Бразилаас холдох нь сэтгэл судлаачын мэргэжлээр ажиллаж буй миний хувьд ажлын байраа алдах магадлалтай байсан тул энэ удаад татгалзсан юм.

Түүнээс хойш хэдэн сарын дараа дахин урилга ирсэн бөгөөд энэ удаа 5-н сарын хугацаатай суралцах уу? гэсэн урилга байлаа.Ингээд би сурлаа ч гэсэн Оомотогын ажилтан болох биш хэмээн бодсон бөгөөд ингэж уриад байгаад нь их гайхаж байсны эцэст тэр урилгыг хүлээн авсан юм.

Тэгээд 4 сарын 9-ний өдөр Японд очив.Төрөлх Бразил маань улам бүр холдсоор байх мэт сэтгэгдэл төрж, нутгаа санагалзав.Оомотогын төв байрлах Камэ-Ока хотын шороон дээр анх гишгэхэд, би дэлхийн бөмбөрцөгийн яг эсрэг талд ирлээ гэсэн бодол төрж билээ.Тэр шөнө их хүйтэн байсан бөгөөд би урт аялалын дараа ихэд ядарсан байсан.

Маргааш нь өглөөний мөргөл болоод энх тайвны төлөөх мөргөлд оролцов.Тэр үед Оомотогын хүмүүс өөрсдийн цагыг зарцуулан дэлхийн энх тайвны төлөө мөргөл үйлдэж буйг мэдээд сэтгэл ихэд хөдөлж билээ.

Үүнээс өөр бас олон зүйлд сэтгэл хөдлөсний нэг нь, Бразилд 「Хэрэна гуай」 хэмээн дуудагдах нэрээр бидний танил болсон Оомотогын тав дахь үеийн тэргүүн Дэгүчи Күрэнай гуайд бараалхсан явдал юм.Энэ уулзалт нь миний хувьд аз жаргалтай сайхан зүйл байлаа.Ингэж хэлэхийн учир нь, Японд хэвлэн олшруулж Бразилд түгээсэн Оомотогын 「Магтаал шүлэг」 номын шинэ хувилбарыг тэргүүн хатагтайд гардуулж өгсөн явдал юм.

Тэргүүн хатагтай тэрхүү номыг сонирхон үзэнгээ, Португали хэлээр бичигдсэн магтаал шүлгийг харж, намайг аль нэгийг нь дуудаж өгөхийг хүссэн юм.Миний дуудахыг тэрээр чимээгүйхэн бөгөөд анхааралтай сонсож байсан нь миний хувьд гайхалтай сайхан сэтгэгдэл үлдээсэн билээ.Намайг дуудаж дууссаны дараа дулаан инээмсэглэлээр шагнахын зэрэгцээ гар атгангаа, гайхалтай сайхан байлаа хэмээн хэлж билээ.

Миний аялалын бас нэг зорилго бол Шүлгийн баярт оролцох явдал байсан юм.Энэхүү шүлгийн баяр гэдэг нь 1000 гаруй жилийн тэртээгээс Японд зохиогдон явагдаж ирсэн уламжилалт зан үйл бөгөөд, удаан жилийн туршид мартагнаж байсныг 1930-аад оны үеэс Дэгүчи Онисабүро гэгээнтэн сэргээсэн түүхтэй.

Энэ баярын хамгийн сонирхолтой хийгээд үзүүштэй хэсгийн зургыг Бразилд олон удаа харж байсан хэдий ч, энэ зан үйлийн гүн утга учрыг хараахан ойлгож чадаагүй байлаа.

Японд ирээд төд удалгүй Токио төвд зохион явагдсан Шүлгийн баярт оролцсон юм.Тэр өдөр миний биеийн байдал хэвийн бус байсан хэдий ч бишгүүрийн эгшиг нэг үеийг сонссон даруйдаа бие хэвийн байдалдаа эргэн орж, намайг шаналгагч өвчин аль нэг тийш замхран одсон юм.

Би Япон хэлээр ойлгодоггүй тул баярын туршид үзэгчийн суудалд сууж байсан.Гэсэн хэдий ч аажим аажмаар танхимд ямар нэгэн далдын их хүч хуримтлагдаж буйг мэдэрсэн юм.Тэр хүчийг өөр юутай ч зүйрлэх боломжгүй бөгөөд бүр заримдаа өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимсаа тэвчихэд хүргэж байсан билээ.Шүлгийг дуудагчид нь Японы өнцөг булан бүрээс ирсэн япон хэл, англи хэл, эсперанто хэлээр зохиогдсон шүлгийг дуудаж байлаа.Тэр дундаа сэтгэлд хоногшин үлдсэн нэг зүйл бол Палестин улсыг төлөөлөх газрын тэргүүн, Египэт, Иордан, Израйл улсын элчин сайдуудын тус улсын хэлээр зохиосон шүлэг дуудагдсан явдал байлаа.

Тэр үед би Бразилын ард түмэн ч бас надтай зэрэгцэн суугаад, энд миний мэдэрч байгаа зүйлийг бас мэдэрсэн бол сайхнаа хэмээн бодож байлаа.Шүлгийн баяр гэдэг нь ийм гайхалтай зүйл байсан.Тэндээс миний мэдэрсэн зүйлийг бүгдийг бичгээр илэрхийлэх боломжгүй мэт тийм л үнэ цэнэ утга учир бүхий зан үйл байсан юм.Египт, Иордан, Израйлын өндөр албан тушаалтнууд ч эндээс аз жаргал мэдэрсэн гэхэд би огтхон ч эргэлзэхгүй байна.Яагаад гэвэл тэд баярын дараа өөр хоорондоо тэврэлдэн, бид дайснууд биш, бид хөршүүд хэмээн өгүүлж, баярт оролцогч биднийг гайхшруулан баярлуулсан болохоор.

Нийт дэлхийгээрээ, нийт хүн төрлөхтнөөрөө энх тайвныг чухалчилан хүсэмжлэх энэ цаг үед энэхүү шүлгийн баярын цөөхөн хоромд тэр мөрөөдөл бодитоор биелэхийг харсан баярт оролцогсод бүгд асар их аз жаргалд умбан, зарим нь баярын нулимсаа барьж дийлэхгүй байсан билээ.

Шүлгийн баярын дараа л би 3 дахь үеийн тэргүүн Дэгүчи Наохи гуайн хэлж үлдээсэн үгний утгыг ойлгосон юм.Шүлгийн баяр бол бүх хүмүүний гэм нүглийг ариусган гэтэлгэгч хийгээд Сэцүбүн их ёслолтой дүйцэхүйц шашны чухаг зан үйл хэмээн бодсон юм.

2010 онд анх удаа Бразилд Шүлгийн баярыг зохион явуулахаар болсон.Тэр хүртэл олон зүйлийн бэлтгэл ажиллагаа шаардлагатай бөгөөд юуны түрүүнд Бразилын ард түмэн эхлээд Шүлгийн баярын гайхамшигтай увьдисыг мэдрэх нь чухал гэж бодож байна.

Өнөөдөр манай ард түмэн энэхүү агуу зан үйлийг зохион явуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд үүнийг нэр төрийн хэрэг хийгээд бас аз жаргалтай завшаан хэмээн ойлгож аль болох утга төгөлдөр зохион явуулахыг эрмэлзэж байгаа.Мөн「бидний Хэрэна гуай」болох Дэгүчи Күрэнай тэргүүнийг энэ үеэр морилон саатахыг туйлаас хүсэмжилж байна.

写真
写真
写真
写真
写真
© 2008 OOMOTO. All rights reserved.